Нийслэл хотын аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд чанартай, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, жуулчны үйлчилгээний байгууллагуудыг сурталчлах зорилготой “hUB-ХАБ” батламж, таних тэмдэг ашиглах журмын төслийг танилцуулж байна. Аялал жуулчлал эрхлэгчид та бүхэн саналаа өгнө үү.
Төсөл
“hUB-ХАБ” БАТЛАМЖ, ТАНИХ ТЭМДЭГ АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл, зорилго
1.1. Нийслэл хотын аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд чанартай, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, жуулчны үйлчилгээний байгууллагуудыг сурталчлах зорилгоор “hUB-ХАБ” батламж, таних тэмдгийг ашиглана.
1.2. Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар /цаашид “газар” гэх/, “hUB-ХАБ” батламж, таних тэмдгийг /цаашид “батламж” гэх/ ашиглах эрх авсан жуулчны үйлчилгээний байгууллагын /цаашид “байгууллага” гэх/ хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Батламж олгох гэрээ байгуулах, цуцлах
2.1. Батламжийг байгууллагын хүсэлтийг үндэслэн сайн дурын үндсэн дээр олгоно.
2.2. Батламж эзэмших байгууллага нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.1. Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх
2.1.2. Тухайн үйлчилгээний стандартын шаардлагыг хангасан байх
2.1.3. Эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх
2.1.4. Үндэсний мөнгөн тэмдэгтээр үнэ, тарифаа тогтоож, үйлчилгээ үзүүлдэг байх
2.1.5. Хамгаалалтын ажилтан болон камержсан хяналтын системтэй байх
2.1.6. Шаардлага гарсан үед жуулчинтай харилцах чадвартай, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх харилцагчийн үйлчилгээний ажилтантай байх
2.2. Батламжийг энэхүү журмын шаардлагыг хангаж буйгаа нотолсон баримт бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулан олгох ба гэрээ нь 2 жилийн хугацаатай байна.
2.3. Салбар, нэгжүүд бүхий байгууллагын хувьд зөвхөн журмын шаардлага хангасан салбар, нэгжүүдэд нь батламжийг олгоно.
2.4. Батламж үнэ төлбөргүй байх бөгөөд таних тэмдэг, батламж хийлгэх, нэгдсэн сурталчилгаа явуулахтай холбоотой зардлын өөрт ноогдох хувийг байгууллага хариуцна.
2.5. Дараах тохиолдолд гэрээг цуцална.
2.5.1. Талуудын аль нэгний санаачилгаар
2.5.2. Байгууллага үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн, татан буугдсан
2.5.3. Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь журмын шаардлагыг хангаагүй нь мэргэжлийн хяналтын байгууллагын үзлэгээр тогтоогдсон эсхүл газрын зүгээс тухайн байгууллагыг батламж ашиглах шаардлага хангахгүй гэж үзсэн
2.5.4. Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар жуулчин, аялал жуулчлалын болон захиргааны байгууллагаас удаа дараа гомдол санал ирүүлсэн
2.5.5. Хуульд заасан бусад үндэслэлүүд
2.6. Гэрээ цуцлагдсан байгууллага батламжийг үйл ажиллагаандаа аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно. Ашигласан тохиолдолд тухайн байгууллагын бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц сэрэмжлүүлэг мэдээллийг аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудад газраас явуулна.
Гурав. Газрын эрх, үүрэг
3.1. Газар нь батламжийг гэрээний дагуу олгож, биелэлтэд нь хяналт тавих эрхтэй.
3.2. Газар нь хүсэлт гаргасан байгууллага журмын шаардлага хангаагүй байна гэж үзвэл батламж олгохоос татгалзах эрхтэй.
3.3. Газар нь батламж бүхий байгууллагыг өөрийн маркетингийн сувгийг ашиглан сурталчлах үүрэгтэй.
3.4. Газар нь батламж бүхий байгууллагын мэдээллийг Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв, түүний салбаруудаар дамжуулан түгээх, ажилтнуудыг нь сургах, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Дөрөв. Байгууллагын эрх, үүрэг
4.1. Байгууллага нь батламжийг өөрийн маркетинг, сурталчилгаандаа ашиглах эрхтэй.
4.2. Батламж бүхий байгууллага нь жуулчдад зориулсан хөнгөлөлтийн картаар үйлчлүүлэх байгууллагын жагсаалт, Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын зураг, Жуулчны мэдээллийн төвүүдээс жуулчдад санал болгох үйлчилгээний газруудын жагсаалтад шууд орох эрхээр хангагдана.
4.3. Байгууллага нь гэрээнд заагдсан шаардлагыг тогтмол хангаж, жуулчдад аюулгүй, боловсон, шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.
4.4. Байгууллага нь газраас тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн авч биелүүлнэ.
4.5. Байгууллага нь батламжийн таних тэмдгийг орох хаалга, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, меню, үнийн саналын хуудас, төлбөр тооцоо хийх хэсэгт байрлуулах үүрэгтэй.
4.6. Батламж болон батламж бүхий байгууллагатай холбогдон гарах аливаа эрсдэл, гомдол, төлбөрийн маргааныг тухайн байгууллага бие даан хариуцаж шийдвэрлэх үүрэгтэй.
Тав. Хариуцлага
5.1. Байгууллага нь батламжийг бусдад шилжүүлэх, ашиглуулах, худалдан борлуулахыг хориглоно.
5.2. Батламжийг хуурамчаар үйлдсэн, зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд энэ журмын 2.6-д заасан арга хэмжээг авах ба асуудлыг хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
–оо0оо–