Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил

Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил

лого

Манай орны хувьд аялал жуулчлалын өнгө төрхөө дэлхийн зах зээлд тууштай таниулах аливаа нэг брэндийг сонгож, түүнийгээ тогтмол, давтамжтайгаар дэлхийн аялал жуулчлалын зах зээлд сурталчилснаар гадаадын жуулчдыг олноор татах, салбарын өсөлтийг хангах, улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой.

Иймээс бид 2015 онд олон улсын аялал жуулчлалын Ай Ти Би үзэсгэлэнд түнш орноор амжилттай оролцон, мөн “Нүүдэлчдийн замаар аялахуй” хэмээх аяллын төрөлд манлайлагч орон байх, бусад улс орнуудаас түрүүлэн энэхүү брэндийг Монголын гэсэн тодотголтой болгож, улмаар олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр тууштай ажиллаж ирлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хүчтэй дэмжлэгийн дор уг төслийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт хамруулан цаашдын хамтын ажиллагааг эхлүүлсэн.  

Нэгдсэн Үндэстний Байгууллагын  Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт “Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 13-аас 15-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Уг хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцоно.

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдах юм.

Энэхүү хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд дараах ач холбогдолтой хэмээн үзэж байна.

  • Монгол Улсын талаарх сурталчилгаа ДАЖБ-ын гишүүн 157 орнууд, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэнэ.
  • Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчдыг татах өргөн боломж бий болно.
  • Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын эх өлгий нутаг болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд баталгаажуулах боломжтой.
  • Торгоны замын аялал жуулчлалд үндэсний аялал жуулчлалын брэндийг бий болгоно.
  • Ирж буй зочид Монгол Улсад дунджаар 4-5 хоног байрлах ба ойролцоогоор 1 тэрбум гаруй төгрөгийн гадаад валютын орлогыг үйлчилгээний салбаруудад оруулах юм.
  • Хурлын үеэр шууд 100 гаруй, шууд бус 800 гаруй ажлын байрууд идэвхжинэ.
  • Хурлын дараах жуулчдын тоон өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрийг 2016 оноос оруулах боломжтой.

 

Олон улсын бага хурлаар Торгоны зам дахь аялал жуулчлалаас нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярилцах бөгөөд Монгол Улс цаашид уг төслийн тэргүүлэгч орон байх боломжийг бүрдүүлж, жуулчдыг олноор татан, эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн олон салбаруудад өсөлтийг авчрах олон талын ач холбогдолтой юм.