НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН
УЛААНБААТАР ХОТ
НЭГ. НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ
БОДЛОГО ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 80%, НИТХ-ын 2014 оны 21/33 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт 73,3%, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт 78%, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт 80%, Нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлт 84.1%, НИТХ-ын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт 70.7%, НИТХТ-ийн 2011 оны 120 дугаар тогтоолын хэрэгжилт 87.9%-тай байна.
НИТХ-ын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт, төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцүүлж, 2015 оны төсвөөс 4,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 дугаар захирамжаар 44 ажлыг хэрэгжүүлэхэд 4,225,500,000 төгрөг зарцуулахаар төлөвлөж үүнээс Аялал жуулчлалын газрын хариуцан хэрэгжүүлэх 19 арга хэмжээнд 391 сая төгрөг төсөвлөн 13 арга хэмжээний 290.321.396 төгрөгийн төсвийг батлуулж, төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
/2015 оны эхний хагас жилийн байдлаар/
Хүснэгт 1
№ |
Агуулга |
Нийт зорилтын тоо | Xэрэгжих заалтууд | Хэрэгжилтийн явц |
Хувь |
||||||||
Хугацаа болоогүй | Биелсэн | Хэрэгжиж эхлээгүй | Хэрэгжих шатандаа | Үүний дотор | |||||||||
90% | 70% | 50% | 30% | 10% | |||||||||
1 |
Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 80% | |||||
Нийт | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 80% |
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт
/хувиар/ хүлээгдэж буй гүйцэтгэлээр-эхний хагас жилийн байдлаар/
Хүснэгт 2
№ |
Агуулга |
Нийт зорилтын тоо | Xэрэгжих заалтууд | Хэрэгжилтийн явц |
Хувь |
||||||||
Хугацаа болоогүй | Биелсэн | Хэрэгжиж эхлээгүй | Хэрэгжих шатандаа | Үүний дотор | |||||||||
90% | 70% | 50% | 30% | 10% | |||||||||
1 |
Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр | 1 | 6 | 5 | 1 | 2 | 3 | 1 | 73.3% | ||||
Нийт | 1 | 6 | 5 | 1 | 2 | 3 | 1 | 73.3% |
“Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг тус газраас хариуцан
хэрэгжүүлэх ажлын явц
/2015 оны эхний хагас жилийн байдлаар/
Хүснэгт 3
№ |
Агуулга |
Нийт зорилтын тоо | Xэрэгжих заалтууд | Хэрэгжилтийн явц |
Хувь |
|||||||
Хугацаа болоогүй | Биелсэн | Хэрэгжих шатандаа | Үүний дотор | |||||||||
90% | 70% | 50% | 30% | 10% | ||||||||
1 |
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр | 7 | 28 | 2 | 5 | 21 | 10 | 8 | 7 | 1 | 70.7% | |
Нийт | 7 | 28 | 2 | 5 | 21 | 10 | 8 | 7 | 1 | 70.7% |
НИТХТ-ийн 2011 оны 120 дугаар тогтоолын хэрэгжилт
/2015 оны эхний хагас жилийн байдлаар/
Хүснэгт 4
№ |
Агуулга |
Нийт | Хэрэгжилтийн явц |
Хувь |
|||||||
Үзлэгт хамрагдахаар хүлээгдэж буй | Зөвшөөрөл олгосон | Шаардлага хангаагүй | Үүний дотор | ||||||||
90% | 70% | 50% | 30% | 10% | |||||||
1 |
Цахимаар буюу иргэнээс ирсэн хүсэлт | 40 | 1 | 30 | 9 | 39 | 1 | 88.5% | |||
БААН-ээс ирсэн хүсэлт | 200 | 9 | 139 | 52 | 191 | 9 | 87.3% | ||||
Нийт | 240 | 10 | 169 | 61 | 230 | 10 | 87.9% |
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдээс 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 240 санал хүсэлт, өргөдөл ирсэн /байгууллагад хандаж албан бичгээр 200, цахимаар 40 өргөдөл/ ба стандартын шаардлага хангасан 30 иргэн, 139 ААН-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, стандартын шаардлага хангаагүй 9 иргэн, 52 ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгч, стандартын үзлэгт хамрагдах хүсэлтэй 1 иргэн, 9 ААН-ийн хүсэлтийн дагуу үзлэгт хамруулахаар бэлтгэлийг хангаж байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар зочид буудал, дэн буудлуудад стандартын үзлэг шалгалтыг 52 удаа зохион байгуулав.
Тус газрын байгууллагын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 5 бүтээгдэхүүний ангийн 36 бүтээгдэхүүн ажил үйлчилгээг хийхээр төлөвлөснөөс төлөвлөгөөний биелэлт 77.7%-тай байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд тусгуулахаар Гандан, Усан парк, Туул, Сэлбэ голын дагуу амралтын цэг тохижуулах, морин аяллын үйлчилгээний цогцолбор байгуулах нийт 4 төслийг хэрэгжүүлэх саналыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэв.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд 2016-2020 онд аялал жуулчлалын салбарын хүрээнд хэрэгжих төслүүд болон “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт тусгагдсан 10 хөрөнгө оруулалтын төслийн зорилт, агуулга, тухайн жилд хийгдэх ажлын агуулга болон төсвийн саналыг боловсруулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэв.
“Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичигт тусгагдсан аялал жуулчлалын салбарын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт хүргүүлэв.
БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ
БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
1.1 Жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй цаг үеийн ажил төрлийн шаардлагаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, түүний хэрэгжилт:
- Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай 2015-2016 онд хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
- Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын талаар нийслэлийн удирдлагын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба төлөвлөгөөний хэрэгжилт 82%-тай байна. Зөвлөмжийн дагуу байгууллагын төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтийн явцыг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хурлын тэмдэглэлийн НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлэв.
- Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах чиг үүрэг бүхий “Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/02 дугаар захирамжаар шинэчлэн батлуулав. Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж нийслэл хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар” аяныг хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргалаа.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 03/740 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх “Газрын даргын зөвлөл”-ийг 2015 оны А/17 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг хавсралтаар батлан журмын дагуу ажиллаж байна.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг “Хөгжлийн төлөөх түншлэл” уриан дор зохион байгуулав. Энэ үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хамтран Аялал жуулчлалын салбар хуралдааныг зохион байгуулав.
1.2 Шинээр санаачлан хийсэн ажлууд:
- Зочид буудлын үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өгсөн 3 доош одны зэрэглэлийн буудлуудын удирдлага болон ажилтнуудад зориулж зочид буудал, дэн буудлуудын стандартыг хэрэгжилтийн талаарх сургалтыг сар бүрийн эхний 7 хоногт тогтмол зохион байгуулж хэвшээд байна. Одоогоор 7 ААНБ-ын 60 гаруй хүн хамрагдав.
- ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газар, Манжуур хотын Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хятад-Монголын аялал жуулчлалын зөвлөл, Тэнгэр трэвел ХХК хамтран “Эв найрамдал–тал нутгийн торгоны замын аялал” нэртэй 3 улсын 13 хоногийн хил дамнасан авто тойрон аяллыг зохион байгуулав. Мөн аяллын үеэр Монгол, БНХАУ-ын аяллын компаниудын танилцах уулзалтыг зохион байгуулж хоёр талын 62 төлөөлөгч оролцов.
- Зочид буудлын удирдлагууд болон үйлчилгээний ажилтнуудад зориулан 8 цагийн сургалтын хөтөлбөр, Зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, угаалгын ажилтны 3 товхимол, үйлчилгээний ажилчдын ёс зүйн дүрэм, зочлох үйлчилгээний салбарын 16 мэргэжлийн ажлын байрны тодорхойлолтыг тус тус боловсруулав.
- Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяныг 2015 оны 6-12 дугаар саруудад зохион байгуулахаар JCI Монгол ТББ-тай гэрээ байгуулан ажлыг эхлүүлэв. Мөн хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудтай хамтран иргэдийн харилцаа хандлага, төрийн болон нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аяныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар “Монгол контент” ХХК-тай гэрээ байгуулан ажлыг эхлүүлэв.
- Монголын Аялал жуулчлалын холбооны дэргэдэх “Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөл”-тэй хамтран Монгол улсын хилийн боомтоор Хятадын жуулчид нэвтрэх журмыг боловсронгуй болгох, Монгол, БНХАУ, ОХУ-ыг холбосон Цайны замын аяллын маршрутыг боловсруулах, БНХАУ-ын аялал жуулчлалын голлох үзэсгэлэнгүүдэд хамтран оролцох, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийн аяллыг зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.
1.3 Удирдлага зохион байгуулалтын талаар:
- Монголын зочид буудлуудын холбоотой хамтран “Зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдлийн менежмент” сэдэвт сургалтыг зохион байгуулж АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдыг хүлээн авах 43 зочид буудлын 57 менежер, аюулгүй албаны дарга, ажилтнууд хамрагдав.
- Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/69 дүгээр захирамжийн дагуу тус газрын даргын 2015 оны А/18 дугаар тушаалаар албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журмыг батлан үйл ажиллагаандаа мөрдөж эхлэв. Шилэн уулзалтын өрөө танхимыг бэлтгэв.
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын гадна зар сурталчилгааны зөвлөлтэй хамтран “Улаанбаатар глобал сити” төслийн хүрээнд Мобиком корпорацийн дэмжлэгтэйгээр “Жуулчны гудамжийн тохижилт, шинэчлэлтийн ажлын төлөвлөгөө” болон зургийг боловсруулсан ба 597.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий уг шинэчлэлтийн ажлын төсвийн 59%-ийг хувийн хэвшлийн дэмжлэг, оролцоотойгоор хийхээр бэлтгэж байна.
- Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт тус газрын ахлах мэргэжилтэн орж ажиллаж байна. Хууль боловсруулах явцад жуулчны үйлчилгээнээс хотын татвар бүрдүүлдэг олон улсын жишиг судалгааг хийж, танилцуулгыг нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Хууль батлагдсантай холбоотойгоор одоогоор нийслэлийн татвар төлөгчийн бааз үүсгэх, бүсчлэл тогтоох ажлуудыг хийж байна.
- Тус газрын 2015 оны Авлигын эсрэг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжийн дагуу тус газрын даргын 2015 оны А/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 4.2 дахь заалтыг өөрчлөв.
1.4 Зохион байгуулалтын талаар:
- БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын газраас хэрэгжүүлж байгаа “Dream nomad” төсөлд шалгарсан судалгааны багийнхантай цуврал уулзалтууд зохион байгуулж, аялал жуулчлалын бүс нутгийг тэмдэгжүүлэх “Эх газрын гэрэлт цамхаг” төсөл, хот орчмын жуулчны баазуудын бохирын систем, цахилгаан, дулааны асуудлыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж зөвлөгөө өгөв.
- Өвлийн спорт жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжаар “Улаанбаатарын өвлийн наадам-2015” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Монголын Мөсөн шагайн холбоо, Монголын Мөсөн сурын холбоотой хамтран Зайсан толгойн Туул гол дээр зохион байгуулж 17.318.500 төгрөгийг зарцуулав. Уг арга хэмжээнд гадаад, дотоодын 4500 гаруй жуулчид хамрагдав.
- Дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, амралтын газруудын үзлэг, сургалтын төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцов.
- “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулах аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдийг танилцуулах гуравдах уулзалтыг Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагуудтай хийв.
- 5. Япон улсын “Жайка” олон улсын байгууллагад сайн дурын ажилтан авч ажиллуулах хүсэлт тавьсны дагуу тус улсын Ишимото Масатоши тус газарт албан ёсны гэрээтэйгээр 2015 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаа ба Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудын стандартын хэрэгжилтэд хяналт тавьж заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
- БНСУ-ын Сөүл хотын Үндэсний мэдээллийн нийгэмлэгт мэдээлэл технологийн чиглэлээр сайн дурын ажилтан авч ажиллуулах хүсэлт тавьсны дагуу 4 ажилтан 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллана. Одоогоор хүлээн авах бэлтгэлийг хангаж байна.
- Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав. Хөдөлмөрийн яармагт нийт 400 гаруй БААН-ийн 2464 ажлын байр зарлагдаж 22 ААН-д нийт 412 хүн түр болон байнгын ажлын байранд ажиллахаар болов.
- Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дотоодод болон хилийн чанадад аялах явдал эрс нэмэгдэж, аяллын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд олноор байгуулагдсан. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдэд шинэ зорих газрууд, аяллын холбогдолтой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран “Улаанбаатур” аяллын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулав. Нийт 7 улс, 21 аймгийн 80 гаруй байгууллага оролцов.
- “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 4 дүгээр сард 2 үе шаттайгаар зохион байгуулж 4 улс, 5 хотын аялал жуулчлалын газрын дарга, 80 гаруй мэргэжлийн ажилтан оролцож мэргэжлийн аваргуудыг шалгаруулав. Мөн энэ үеэр БНХАУ, ОХУ, Монгол гурван улсын аялал жуулчлалын уулзалтыг зохион байгуулав.
- “Улаанбаатар хотын аялал жуулчлалын байгаль орчны нөлөөллийн судалгаа”, “Улаанбаатар хотын аялал жуулчлалын эдийн засгийн нөлөөллийн судалгаа” “Улаанбаатар хотын аялал жуулчлалын нийгэм, соёлын нөлөөллийн судалгаа”, “Улаанбаатар хотод аялсан гадаадын жуулчдын сэтгэл ханамжийн судалгаа”, БНХАУ, БНСУ, Хонгконг, Сингапурын аялал жуулчлалын зах зээлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж байна.
- Аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллаж зочид буудлын үйлчилгээний ажиллагсдад зориулж онол, дадлагын сургалт зохион байгуулж 18 зочид буудлын 18 үйлчилгээний ажилтан хамрагдав. Мөн тус аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй дэлхийн шилдэг эко баазаар шалгарсан “Говийн гурван тэмээ” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, тусгай хамгаалалттай газрын болон үйлчилгээний газрын байгаль орчны менежментийн талаар туршлага судалж, сургалтад хамрагдав.
1.2 Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар:
“Нийслэлийн цахим архив” төрийн архивын онлайн нэгдсэн мэдээллийн санд 2014 онд гарсан А тушаал 64, Б тушаал 29 нийт 93 тушаалыг оруулав.
“Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн 2014 оны ажлын тоон тайлан” онлайн бүртгэлийн программд шивж оруулав.
Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу ажилтнуудын хэрэг бүрдүүлэх ажиллагаанд хяналт тавин ажиллаж, хөтлөгдөж дууссан баримтуудыг мэргэжилтнүүдээс хүлээн авч, 2014 онд байгууллагын архивт байнга хадгалах 27, түр хадгалах 59, 70 жил-1 хүлээн авч, боловсруулалт хийж, данс бүртгэл үйлдээд байна.
2015 онд хөтлөгдөх хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг хүлээн авч нэгтгэн газрын даргаар батлуулав.
Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангах нь”, Архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны сургалтад тус газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч хамрагдав.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/509 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 03/2037 тоот албан бичгийн дагуу архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх комиссыг газрын даргын 2015 оны А/61 дүгээр тушаалаар байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэн боловсруулж, нийслэлийн Архивын газарт хүргүүлэн хянуулж, үйл ажиллагааны явцад үүсэж хөтлөгдөх баримт бичгийг ангилан төрөлжүүлж, хэрэг бүрдүүлсэн.
2015 оны эхний хагас жилийн байдлаар тус газарт хандаж ирүүлсэн нийт 400 албан бичгийг хүлээн авч бүртгэл-хяналтын карт хөтөлж танилцуулж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч барагдуулалтад хяналт тавьж ажиллалаа.
1.3 Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний талаар:
- Жуулчид шаардлагатай мэдээллийг түргэн, шуурхай хүргэх зорилгоор жуулчдын төвлөрөл ихтэй Сөүлийн гудамжид “Жуулчны мэдээллийн төв”-ийн салбарыг шинээр байгуулж 06 дугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлэв. Газрын даргын 2015 оны Б/07 дугаар тушаалаар тус жуулчны мэдээллийн төвд ажиллах мэдээллийн ажилтныг томилов.
- Төрийн үйлчилгээний чанар, ажилтан албан хаагчдын мэргэжил ур чадвар, харилцааны түвшнийг үнэлэх, иргэд аж, ААН-ээс сэтгэл ханамжийн судалгаа авах зорилгоор газрын даргын 2015 оны А/23 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдан ажлыг эхлүүлсэн. Тус байгууллага төрийн үйлчилгээг хэрхэн иргэдэд хүргэж байгаа талаар 5 төрлийн судалгаа авахад сайн буюу хангалттай 75.7%, хангалтгүй 25,3%-ийг эзэлж байна. Судалгаанд төрийн байгууллагын иргэн-7%, хувийн хэвшлийн-80%, суралцдаг-8%, бусад-5%-ийн төлөөлөл бүхий нийт 126 иргэн хамрагдав.
- Аялал жуулчлалын үндэсний төвөөс сар бүрийн Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэдийн мэдээ авч мэдээллийн сандаа оруулж ажиллаж байна. 2015 оны 5 сарын жуулчдын статистик мэдээллээс харахад манай оронд ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 108118 буюу 4.6%-иар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч гол зах зээлийн 10 орноор авч үзвэл 7 зах зээлийн орноос ирэх жуулчид өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын салбарын орлого 60,135,897 ам долларт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 4.3%-иар өссөн үзүүлэлт юм.
- Манай улсын нутаг дэвсгэрт 2015 оны эхний 5 сарын байдлаар гадаадын 44 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНСУ-12, ОХУ-11, БНХАУ-13, Япон, АНУ, Казахстан, Турк, Вьетнам, Тайван, Австрали Куба, Тайван улсын тус бүр 1 иргэн байгаа ба гадаадын 69 иргэн гэмт хэргийн халдлагад өртсөнөөс БНХАУ-34, ОХУ- 6, АНУ-7, БНСУ-9, Вьетнам-3, Канад-2, Австрали, Австри, Азарбежан, Герман, Их британи, Поль, Франц, Швед улсын иргэд тус бүр 1 байна.
- Жуулчны мэдээллийн төвөөр эхний хагас жилийн байдлаар нийт 600 гаруй гадаадын жуулчин үйлчлүүлсэн ба мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.
- Тус газарт эхний хагас жилийн байдлаар нийт 40 өргөдөл ирснээс 39 өргөдлийг шийдвэрлэж шийдвэрлэлтийн явц 97.5% ба 1 өргөдөл хуулийн хугацаандаа байна. Өргөдөл гомдлын тайлан мэдээг улирал тутам Иргэд хүлээн авах төвд хүргүүлэн ажиллаж байна.
ХОЁР. НИЙСЛЭЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ ААНБ-УУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
2.1 Үйлчилгээний нэр төрлийг олшруулах чиглэлээр:
- Улаанбаатар хотын аялал жуулчлалын үзмэр, түүх соёлын дурсгалт болон онцлог газар, төрийн өмчит соёл урлаг, үзвэр үйлчилгээний болон төрийн үйлчилгээний 222 байгууллагын байршил, товч мэдээлэл, гэрэл зургийг дэлхийн хамгийн том хайлтын систем болох Google-ийн газрын зурагт тэмдэглүүлэх ажлыг Map Maker Mongolia /Зэтэмэн ХХК/-иар гэрээ байгуулан гүйцэтгүүлэв. Ингэснээр жуулчид ухаалаг төхөөрөмжийн тусламжтай хүссэн газартаа хүрэх, мэдээлэл авах боломжтой болов.
- Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” аяны удирдамжийг боловсруулан нийслэлийн Засаг даргаар батлуулж, 6 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Таксины жолооч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж такси үйлчилгээнд тавигдах стандарт шаардлагууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд соёлтой оролцох, харилцааны соёлыг хэвшүүлэх зэрэг асуудлуудаар хичээлүүд явагдаж 17 такси компанийн 500 орчим жолооч нар хамрагдав.
- Улаанбаатар хотын аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ, дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайг мэдэрч мэдээлэл өгөх хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг багтаасан, интернетээс бүх цэсний мэдээллээ шинэчилдэг, оффлайн горимд газрын зураг ажиллах боломжтой, iOS болон Андройд үйлдлийн системийн ухаалаг хэрэгслүүдэд зориулсан аппликэйшнийг “Би-Эс-Си-Жи” ХХК-иар гэрээ байгуулан хийлгэж байна.
- Нийслэлийн иргэдэд чиглэсэн “Найрсаг Улаанбаатар” нийгмийн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар Монгол контент ХХК /www.gogo.mn/-тай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна.
- “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяныг 2015 оны 6-12 дугаар сарын хугацаанд ЖиСиАй Монгол ТББ-тай хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэв.
- Жуулчдад шаардлагатай мэдээллийг мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан хялбар аргаар хүргэх зорилгоор төмөр замын буудал, нисэх буудал, жуулчны мэдээллийн төвүүдэд байрлуулах инфомат төхөөрөмж, түүний програмыг боловсруулах ажлын судалгааг хийж байна.
2.2 Жуулчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр:
- Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр их дээд сургуулийн 115 оюутнуудыг бүртгэж, оюутан цагдаа нарт зориулж ажлын хувцас, гарын авлага, зөвлөмж бэлтгэн, 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гадаад хэл, хууль эрх зүй, эмнэлгийн анхан тусламж үзүүлэх хичээл сургалтыг зохион байгуулан 85 оюутныг төвийн дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хуваарилан ажиллах чиглэл, үүргийг өгөв. 06 дугаар сарын 08-нээс эхлэн ажлыг эхлүүлэв.
- Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт “Англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг II ээлжээр зохион байгуулж нийт 50 цагдаа хамрагдан гэрчилгээ олгов.
- Онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын А/383 дугаар захирамжаар байгуулж, төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэв.
- Жуулчны аюулгүй байдлыг хариуцсан бүтэц байгуулах болон үндэслэл шаардлагыг тодорхойлсон хүсэлтийг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тавьснаар тус газрын шинэчилсэн бүтцэд Жуулчны цагдаагийн тасаг байгуулагдав.
- Нийслэлийн Засаг даргын А/469 дугаар захирамжийн дагуу гадаадын иргэд жуулчдад соёлтой, найрсаг, шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын 2015 оны А/47 дугаар тушаалаар жуулчин тээврийн автобусны зөвшөөрлийг стандартын шаардлага хангасан автобуснуудад зөвшөөрлийг өдөрт нь олгож байна. 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 430 гаруй жуулчин тээврийн автобусанд зөвшөөрлийг олгоод байна.
2.3 Аялал жуулчлалын мэргэшүүлэх сургалтын талаар:
- Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний мэргэшүүлэх сургалт”-д Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн ААН-үүдийг хамруулан 3 удаа зохион байгуулж зочин хүлээн авагч, зөөгчийн сургалтад 36, үйлчлэгч, угаалгын ажилтны сургалтад 8 нийт 44 хүн хамрагдав. Тус сургалтыг 3 одтой “Эдельвайс” зочид буудлыг түшиглэн Недерланд улсын экспертүүдийн боловсруулсан хөтөлбөрөөр буюу дадлага, онол хослуулан зохион байгуулж байна.
- Орос хэлтэй хөтөч, тайлбарлагч нарт зориулсан орос хэлний ярианы гарын авлагын эхийг бэлтгэх ажлын гүйцэтгэх гэрээг Монголын зочид буудлуудын холбоотой байгуулж ярианы гарын авлагын эхийг хянах ажил хийгдэж байгаа ба нийт төсөв 500,000 төгрөг зарцуулав.
- Ресторан, зоогийн газруудын үйлчилгээний чанар, менежер болон ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын ресторан, зоогийн газрын холбоо хамтран “Рестораны менежерийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх” сургалтыг зохион байгуулж ресторан, зоогийн газрын 29 менежер хамрагдав.
- Дэлхийн аялал жуулчлалын дээд шагнал “Илисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоны “Төрийн үйлчилгээний чанар ба соёл” сэдэвт сургалтыг 4 дүгээр сард зохион байгуулж жуулчидтай шууд харилцдаг 30 гаруй төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 120 ажилтан хамрагдав.
- Үлэг гүрвэлийн төв музейтэй хамтран “Музейд тайлбар хийх ур чадвар” сургалтыг зохион байгуулж 23 хөтөч-тайлбарлагч хамрагдав.
- Монголын аялал жуулчлалын холбооны дэргэдэх “Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөл”, Аялал жуулчлалын “Guide” төвтэй хамтран “Хятад хэлний хөтөч бэлтгэх” сургалтыг зохион байгуулж нийт 31 хятад хэлтэй хөтөч, тайлбарлагч хамрагдав.
- Улаанбаатарын аялал жуулчлалын холбоотой хамтран 12 аймгийн аялал жуулчлалын газрын болон тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтнүүдийг хамруулсан “Аймаг орон нутагт аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулсан.
2.4 Иргэд, жуулчдын тав тухтай амрах, аялах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр
- Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
– Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийдийн орчимд сүүдрэвч, мэдээллийн самбар, чиглэл заасан тэмдэг, сандал ширээ байрлуулах зэрэг тохижилтын ажлын зургийг гаргаж төсвийн батлуулж 7 дугаар сард багтаан тохижилтын ажлыг хийж дуусгана.
– Монгол адууны соёлыг харуулсан музей, сургалт, морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслүүдийг газар олголтын бодлогоор дэмжих асуудлаар БОНХАЖЯ-д уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Монгол адууны соёлыг харуулсан морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдэх, төсөл сонгон шалгаруулах тухай ажлын хэсгийг байгуулах, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хамгаалалтын захиргаа хамтран тогтоосон Горхи-Тэрэлжийн бүсэд аялах маршрутуудыг сайдын тушаалаар батлуулахаар тогтов.
– Хувиараа аялал жуулчлал эрхлэгч, морь тэмээ унуулдаг, орон нутгийн хөтчөөр ажилладаг иргэдэд зориулсан 6 бүлэг 92 зүйл бүхий зөвлөмж гарын авлагыг бэлтгэв.
– БОНХАЖЯ-ны удирдлагуудтай 2 удаагийн уулзалт зохион байгуулж, “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” төслийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийг Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргадаар ахлуулан байгуулав. Тус газраас сайдын тушаалын төсөл боловсруулан хүргүүлэв.
– Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор болон жуулчны бааз, амралтын газрууд төвлөрсөн нутаг дэвсгэрт ажиллаж буй цагдаагийн хэсгийн ажилтны тоо, техник хэрэгслийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлэв.
– Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тохижуулах амралтын цэг, замын тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн байгууламжуудын талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хамгаалалтын захиргаа оролцсон уулзалтыг 2 удаа зохион байгуулав.
- Шашин, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гандан” төсөл боловсруулах ажлын хүрээнд Гандангийн дэнжийн зарим хэсгийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх үүднээс Өндөр гэгээн Занабазар, Орхон, Туулын гудамжуудын гадна орчны тохижилтын ажлын зургийн даалгаврыг боловсруулав.
- Хот орчимд аялал жуулчлал эрхлэгчдэд зориулсан гарын авлага, аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний ажилтнуудад зориулсан ажлын байр тус бүрийн гарын авлагыг боловсруулж байна. Мөн Хонконгийн Политехникийн их сургуулийн Аялал жуулчлал, зочид буудлын тэнхимийн эрхлэгч профессор Кайе Чоны сургалтаар видео хичээл бэлтгэв.
- Хот орчмын шувуу ажиглах цэгүүдийг тогтоох судалгааг явуулж тайгын ой, ойт хээр, уулын хээр, хээр, голын хөндийд амьдардаг 256 зүйл шувууны монгол нэр, олон улсын нэр, зураг бүхий жагсаалтыг гаргаад байна. Хотын аяллын хөтчүүдэд гарын авлага болгон ашиглуулахаар бэлтгэж байна.
ГУРАВ. ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
- ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдсан “Ай-Ти-Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс түнш орноор оролцсонтой холбоотойгоор Монгол улсыг сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотыг сурталчлах үзэсгэлэн, уулзалт, зөвлөгөөн, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Үзэсгэлэнд оролцоход “Найрсаг УБ” хөтөлбөрийн зардлаас нийт 149.978.983 төгрөг батлагдсанаас 5.033.332 төгрөгийг хэмнэж ажиллав.
- Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод албан томилолтоор ажиллаж Япон улсын аялал жуулчлалын төр, төрийн бус байгууллагуудын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, Улаанбаатар хотын аялал жуулчлалын нөөц, боломжийг танилцуулав.2015 онд Улаанбаатар хот Япон Улсын санаачилга, санхүүжилтээр Токио хотод аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Японы 300 гаруй аялал жуулчлалын байгууллагуудаас бүрдсэн багийг хүлээн авах, Токио хотын захиргаатай хамтран аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
- БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2015 оны 06 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд зохиогдсон “Ай Ти И” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Жуулчин, Нью Жуулчин ХХК-иуд хамтран оролцов.
- БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний үеэр “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг хариуцан гаргаж, Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны ажлыг зохион байгуулав.
- Улаанбаатар хотыг Хятадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор БНХАУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 8 хүний бүрэлдэхүүнтэй багийг урин ирүүлж Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааг явуулав.
ДӨРӨВ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛ,
НИЙГМИЙН АСУУДЛЫН ТАЛААР
- Тус газрын албан хаагчдын ажиллах нөхцөл, ажлын бүтээмж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс Kaspersky Anti-Virus 0 програмыг 1 жилийн албан хаагчдын компьютерт суулгав.
- Боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлж, хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яам, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтөөр Худалдан авах ажиллагааны чиглэлээр зөвлөмжийг холбогдох албан хүмүүсээр мэдээллийг хүргүүлэв.
- Хувь хүний хөгжлийн институттэй хамтран харилцаа хандлага чиглэлээр сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 50 гаруй ажилтан хамрагдаж уг сургалтад 440.00 төгрөгийг зарцуулав.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Архивын газар, нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, БОНХАЖЯ зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан сургалт семинарт давхардсан тоогоор 10 гаруй хүн хамрагдсан.
- 2015 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Talk Talk English англи хэлний сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан 15 албан хаагч 6 сарын турш суралцав.
- Өмнөговь аймагт 14 ажилтан томилолтоор ажиллан, Засгийн газрын тэтгэлгээр Удирдлагын академийн гарагийн тэтгэлэгт сургалтад 1, богино хугацааны тэтгэлэгт сургалтад 1, АНУ-ын Вашингтон хотод 1, БНЭУ-д 1, Худалдан авах ажиллагааны газрын Гэрчилгээтэй сургалтад 1, нийт давхардсан тоогоор 40 гаруй албан хаагч гадаад, дотоодын богино хугацааны сургалтад хамрагдаж, туршлага судлав.
- Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 1.184.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг 6 албан хаагчид, 384.000 төгрөгийн дагалдах мөнгөн урамшууллыг 1 албан хаагчид олгосон.
- Тус газрын албан хаагчдын 2015 оны ээлжийн амралтын хуваарийг газрын даргын тушаалаар баталж, хуваарийн дагуу амралтыг биеэр эдлүүлж байна.
- МУ-ын Засгийн газрын 147 дугаар тогтоолын дагуу төсвийг хэмнэх талаар төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн 3 албан хаагчид зэрэг дэвийн нэмэгдэл олгож, 3 ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийг шинэчлэн тогтоож, 3 ажилтанд ур чадварын нэмэгдэл олгов.
- 4 албан хаагчийг богино хугацааны сургалтад хамрагдах, эмчлүүлж сувилуулахад нь нийт 6 сарын цалинтай чөлөө олгов.
- Үндэсний их баяр наадмаар салбарын яамны Жуух бичгээр 2 албан хаагч, нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр 1 албан хаагчийг шагнуулахаар тодорхойлов.
- Засгийн газрын 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор газрын даргын 2015 оны А/15 дугаар тушаалаар албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлав.
- Албан хаагчдын идэвх санаачилга, бүтээлч, ажил хэрэгч байдлыг дээшлүүлж чадваржуулах, тэдний харилцааны соёл, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн сахиулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэдийн санал, хүсэлт, шүүмжлэл хүлээн авах санал хүсэлтийн дэвтэр, саналын хайрцаг, цахим хуудсыг тогтмол ажиллуулж байна. 2015 оны хагас жилийн байдлаар тус газарт авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол иргэдээс ирээгүй байна.
ТАВ. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МАРКЕТИНГ
СУРТАЛЧИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР
- ОХУ-ын жуулчдад зориулсан Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны сэтгүүлийн агуулга, эхийг бэлтгэх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны цахим хуудас болох ulaanbaatour.mn хуудасны агуулгыг орос хэл дээр хөрвүүлэх ажлыг “Габиц” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажлыг эхлүүлэв.
- БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “Hi Seoul” арга хэмжээнд зориулж Улаанбаатар хотын 2 төрлийн танилцуулгыг солонгос хэл дээр бэлтгэн, А5 хэмжээтэй 8 нүүр бүхий Солонгос хэл дээрх брошурыг 20000 ширхэг, А4 хэмжээтэй “Найрсаг Улаанбаатар хотод тавтай морилно уу” нугалбарыг 20000 ширхгийг хэвлүүлж, БНСУ-д хүргүүлэв.
- БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгд зохион байгуулагдсан “ITE MICE” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд зориулан Улаанбаатар хотын сурталчилгааны материалыг хятад хэл дээр 20,000 ширхэг хэвлүүлэн сурталчилгаанд ашиглалаа.
- Улаанбаатар хотыг ОХУ-ын зах зээлд (Эрхүү муж, Буриад улс) сурталчлах, Оросын жуулчдыг татахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажил бэлтгэх, цацах зорилгоор Айст Монголиа ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.
- Улаанбаатар хотыг гадаадад танилцуулан сурталчлах зорилгоор “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн /2015.03.03-08/ үеэр тараагдсан англи хэл дээрх сурталчилгааны сэтгүүл, их захидлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэлээ.
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА
огноо………………………………
ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА
огноо……………………………..