Бурхан багшийн Их Дүйчин өдөр 6 дугаар сарын 11-нд буюу ирэх долоо хоногийн Лхагва гаригт тохиож буй юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдрийг зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр болж, хуульчилснаар бүх нийтээр амардаг болсон.
Энэхүү өдрийг “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэх ба орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Мөн Нийслэлийн төв талбайд жилд нэг удаа үйлддэг Эзэн богд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуучуудын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал”-ын үйл ажиллагаа болно.
Жил бүр Монголчууд Бурхан багшийн Их Дүйчэн өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлэгт сайн өдөр буян номын үйлийг ихээр дэлгэрүүлэн, сүсэгтэн олныг хамтруулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн сүм хийдүүд, төрийн бус болон сайн дурын байгууллагын оролцоотой дор бүрнээ өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн.
2013 оноос эхлэн бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурханы шашинтны наадам болгон зарлаж Гандантэгчэнлин хийд дээр төвлөрөн уламжлалт үйл ажиллагаанаас гадна хийдийг тойрон гороолох парад буюу жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зэрэг залуусыг хамарсан орчин үеийн чиг хандлагатай үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.
Тус өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой.



