Taste of Ulaanbaatar өдөрлөгт оролцохыг урьж байна.
“Taste of UB” өдөрлөг 2013 оны 8-р сарын 31, 9-р сарын 1-нд Үндэсний Соёл амралтын хүрээлэнд Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломж нийслэлийн иргэдэд тохиож байна.
Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх юм. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг эвентүүдтэй ижил агуулга, хэлбэрээр энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг хүрэлцэн ирж энэ өдрийг хөгжөөн ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаануудыг зохион явуулах юм.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- Нийслэлийн Аялал жуулчлалын газар
- “Бэнкэл” ХХК
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД :
- Үндэсний соёл амралтын хүрээлэн
- Улаанбаатар телевиз
- Монголын Тогооч нарын холбоо
ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ ШАЛГАРУУЛАХ:
Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2013” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулна.
БҮРТГЭЛ:
Өдөрлөгт оролцох байгууллагуудыг 2013 оны 8-р сарын 30-ныг хүртэл Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд бүртгэнэ. Холбоо барих утас : 70108687, 88116286
ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ШААРДЛАГА:
– Хууль, журам, стандартын дагуу нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх, нэгээс доошгүй жил хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
– Өдөрлөгийн үеэр эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан хоол, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх, хоол, үйлчилгээ үзүүлэх явцад гарч болох аливаа хүндрэл, эрсдлийг урьдчилан тооцоолж бэлтгэлийг хангасан байх
– Нэг төрлийн хоолны үнийг 1500 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх
– Согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх