“Тал нутгийн марафон–2013” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөв.

“Тал нутгийн марафон–2013” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөв.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Тал нутгийн марафон-2013” олон улсын марафон гүйлтийн тэмцээн өнгөрсөн ням гаригт Налайх дүүргийн нутагт амжилттай болж өндөрлөв. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Марафон гүйлтийн
холбоо, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг 8 орны 480 тамирчид хурд, хүч, ур чадвараа сорилоо. Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл хэлсэн үгэндээ Улаанбаатар хотод тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг сурталчлахад энэхүү тэмцээн чухал ач холбогдолтойг онцолсон юм.

2013-07-21 13.38.23

17 дахь жилдээ тасралтгүй явагдаж байгаа “Тал нутгийн марафон”-д жуулчид төдийгүй Монголд суугаа гадаад орны элчин сайд нар, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагын ажилтнууд олноор хүрэлцэн ирсэн байлаа. Тухайлбал Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Шимизү Такенори марафон гүйлтэд тамирчны хувиар 2 дахь жилдээ оролцож байгаа аж. Дэлхийн улс хотуудын марафон тэмцээнүүдээс байгаль дээр, тал нутагт болдгоороо онцлог тус арга хэмжээнд оролцогчдын дийлэнхийг Азийн жуулчид, тамирчид эзэлдэг байна.