Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд жуулчны баазын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, туршлага солилцох зорилгоор “Жуулчны баазын үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци /КТО/-ийн Монгол дахь байгууллагын дэмжлэгтэйгээр, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль хамтран зохион байгуулж байна. Сургалт 2022 оны 06 дугаар сарын 06 –наас 10-ны өдөр хүртэл 5 хоногийн хугацаатай онол, дадлага хэлбэрээр зохион байгуулж, жуулчны баазын захирал, менежерүүд 40 хүн хамрагдаж байна. Сургалтын нээлтэд БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци /КТО/-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Кван Шиг оролцлоо.
Сургалтын онолын хичээлийг Жуулчны баазын үйлчилгээний онцлог, аюулгүй байдал, Жуулчны баазад байгаль орчинд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нэвтрүүлсэн туршлага, Хоол үйлдвэрлэлийн технологи, жуулчны хоол, ундааны онцлог, анхаарах зүйлс, Монгол үндэсний хоол, ундааны соёл, сэдвээр Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн багш нар, Халдвар хамгааллын дэглэм сэдвээр БНСУ-ын Сэжон их сургуулийн аялал жуулчлал зочлох үйлчилгээний багш Кang Кyusean илтгэл тавьсан юм.
Эдельвайс зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдсан дадлагын хичээлийг Жуулчны баазын гэрийн ашиглалт, арчилгаа, хадгалалт хамгаалалт, Жуулчны баазад гарч болзошгүй аюул ослууд болон тэдгээрээс хамгаалах аюулгүй ажиллагаа, Жуулчны баазад үзүүлэх урлагийн тоглолт, Соёлын арга хэмжээ болон уламжлалт соёл, аялал зохион байгуулах, жуулчны баазын нэмэлт үйлчилгээ, үйлчилгээний ялгарал сэдвээр Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах Алунгоо жуулчны бааз дээр тус тус зохион байгуулж байна.
Сургалт зохион байгуулснаар аялал жуулчлалын байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, гадаад, дотоодын иргэд, жуулчдад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялагчдын аялах тав тухыг хангах, үндэсний ёс заншил, өв соёлоо танин мэдэх, сурталчлахад чухал ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ болж байгаа юм.