Талын салхи олон улсын мото фестивалийн хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2022 оны 6-р сарын 9-ний өдрийн 11 цагт “Хангарьд” ордны хурлын танхимд боллоо. Хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар театрын захирал Р.Мөнхсайхан, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, Дэд ерөнхийлөгч Б.Бат-Ирээдүй нар оролцож, сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өглөө.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг 6 дахь жилдээ Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 11-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн фестиваль “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Фестивальд 21 аймгийн 45 спорт клуын мотоцикл сонирхогчид болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид хүрэлцэн ирж оролцох юм.
Фестивалийн нээлтэд мотоциклийн клубүүд нэгдсэн зохион байгуулалтын дор 12 цагт “Буянт-Ухаа” нисэх буудлаас хөдөлж, Хүннү молл- Богд уулын арын зам -Богд хааны ордон музей– Наадам центр- Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар цуваагаар явж, Жанжин Сүхбаатарын талбайд ирнэ. Нээлтийн ажиллагаа 14:30 цагт болох бөгөөд энэ үеэр ховор нандин мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно.
Урлагийн тоглолтод “Никитон”, “Нисванис”, “Bulsara”, “Lemons” хамтлагууд болон дуучин Наран, Отгоо нар зорин ирж дуулах бол залуу оддоос Morningstar, Roockie, Don dior, Wolfism, Limit king зэрэг уран бүтээлчид оролцох юм. Мөн үндэсний урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “Улаанбаатар” театрын уран бүтээлчид энэ өдрийг чимэн, уран бүтээлээ толилууж, үдэш нь DJ шоу, ёслолын буудлага болно.
Талын салхи фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчид оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид, мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцож байсан. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.