Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар Улсын Элчин сайдын яамтай хамтран “Унгарын соёл, аялал жуулчлалын өдөрлөг” -ийг Шангрилла молл худалдааны төвд зохион байгуулж байна. Соёлын өдөрт Унгарын Элчин сайд хадагтай Др.Обрущанский Борбала Анна, Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал доктор Хорват Лугошши Габор, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг нарын албаны хүмүүс оролцлоо.
Соёлын өдөрт Унгарын боловсрол, соёл, шинжлэх ухаан, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа явагдахаас гадна Рубик шооны үзүүлбэр болно. Мөн Унгар улсаас хүрэлцэн ирсэн ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчид болон Саас вероника, Бата иштван нарын “Veni” хамтлагийн тоглолт болж, Унгар ардын дуу, бүжиг эгшиглэнэ. Арга хэмжээний төгсгөлд Шангрил-ла төвийн IMAX кино театрт “Кинчем морь” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно.
Соёлын өдрүүд маргааш буюу 2022 оны 5-р сарын 14-нд Жанжин Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.