Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар Улсын Элчин сайдын яамтай хамтран “Унгарын соёл, аялал жуулчлалын өдөрлөг” -ийг Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Соёлын өдрүүдийн хүрээнд:
1. Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордонтой хамтран “Миний мэдэх Унгар орон” сэдэвт гар зургийн уралдааныг хоёр насны ангиллаар ЕБС-ын 1-9-р ангийн хүүхдүүдийг хамруулан зохион байгууллаа. Уралдаанд оролцох бүтээлийг 2022 оны 5-р сарын 11-ний өдрийг дуустал Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн байранд хүлээн авч, нийт 207 бүтээл ирснээс өнөөдөр ялагчдаа тодруулж байна.
2. “Унгарын соёлын өдөр” арга хэмжээг 2022 оны 5-р сарын 13-ны өдөр Шангрилла молл худалдааны төвд зохион байгуулж, Унгарын Элчин сайд хадагтай Др.Обрущанский Борбала Анна, Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал доктор Хорват Лугошши Габор, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг нарын албаны хүмүүс оролцлоо. Соёлын өдөрт Унгарын боловсрол, соёл, шинжлэх ухаан, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа явагдаж, Рубик шооны үзүүлбэр боллоо. Мөн Унгар улсаас хүрэлцэн ирсэн ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчид болон Саас вероника, Бата иштван нарын “Veni” хамтлагийн тоглолт болж, Унгар ардын дуу, бүжиг эгшиглэлээ. Арга хэмжээний төгсгөлд Шангрил-ла төвийн IMAX кино театрт “Кинчем морь” уран сайхны кино үзэгчдийн хүртээл боллоо.
3. “Унгарын Соёлын өдөр” арга хэмжээ өнөөдөр буюу 2022 оны 5-р сарын 14-нд Жанжин Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Унгарын боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи болон аялал жуулчлалын байгууллагуудын танилцуулга, сурталчилгаа явагдахаас гадна Монголын үндэсний түүхийн музейн түр үзэсгэлэн гарна. Мөн Унгар улсаас хүрэлцэн ирсэн ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчдийн тоглолт болж Унгарын ардын дуу, бүжиг эгшиглэн, Улаанбаатар театр болон Цэргийн дуу бүжгийн чуулга, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг хүлээн авах боломжтой. Арга хэмжээний төгсгөлд Оскарын шагналт “Хүн бүр” богино хэмжээний кино Шангрил-ла IMAX кино театрт үзэгчдийн хүртээл болно.