Монголын Аялал жуулчлалын холбооноос санаачлан Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулсан “TOURISM TIME- 2” уулзалт, арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар болон аялал жуулчлалын бизнес эрхлэгч компанийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтын эхэнд ХНХЯамны Хөдөлмөр эрхлэлт бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Ч.Янжинхорлоо “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдвээр мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Үүний дараагаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “2022 онд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, Хэлстийн дарга В.Батчимэг “Нийслэлд болох эвент арга хэмжээний танилцуулга” мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр Нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид Монгол улсад ирэх жуулчдад зориулан бэлтгэсэн “Color of Ulaanbaatar” тоглолтоо сонирхуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурлаа. Тус төлөвлөгөөг баталснаар энэ онд:
– Бодлого
– Маркетинг сурталчилгаа
– Сургалт судалгаа гэсэн үндсэн гурван чиглэлээр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн Гадаадын иргэн харьяатын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ш.Алтантулга нар цахим виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор үүсч байгаа хүндрэл, төлбөрийн буцаан олголт, Монгол улсад ирсэн жуулчдын бүртгэлийн талаар түлхүү мэдээлэл өгч, асуултад хариуллаа.
Уулзалтын төгсгөлд “Улаанбаатар шаттл” ХХК- ийн Үйл ажиллагаа хариуцсан менежер П.Маанидарий “UBUS” Улаанбаатар- Хөшигийн хөндийн нисэх буудал хоорондын шуурхай автобусны үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар