“ХҮННҮГИЙН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЯЗГУУРТНЫ БУЛШ ОРШУУЛГЫН ДУРСГАЛУУД: СУДАЛГАА, ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, СУРТАЛЧИЛГАА” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Оролцооны хөтөлбөрийн хүрээнд “Хүннүгийн эзэнт гүрний язгууртны булш, оршуулгын дурсгалууд: судалгаа, хадгалалт хамгаалалт, сурталчилгаа” төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Монголчуудын бахархал болсон тал нутгийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрэн Хүннүгийн археологийн дурсгалын хамрах хүрээг тодорхойлох, хадгалж хамгаалах, сурталчлах, улмаар Хүннүгийн эзэнт гүрний язгууртны оршуулгын дурсгалт газруудыг устаж үгүй болсон соёл иргэншлийн хосгүй өвөрмөц гэрч нотолгоо болж байгаа гэсэн үндэслэл шалгуураар Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахаар олон талт асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой юм.

Энэхүү зорилгын хүрээнд Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн, Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Хүннүгийн эзэнт гүрний язгууртны булш, оршуулгын дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Хүннүгийн эзэнт гүрний язгууртны булш оршуулгын дурсгалууд: судалгаа, хадгалалт, хамгаалалт, сурталчилгаа” сэдэвт Үндэсний семинарыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Үндэсний семинар нь Хүннүгийн язгууртны дурсгалуудыг бүрэн бүтэн хадгалж хойч үеийнхэндээ өвлүүлэн судлуулах, дэлхий дахинд сурталчлан таниулахыг хөтөч, тайлбарлагч, тур оператор компаниуд, их дээд сургуулийн оюутнууд, бүх насны хүмүүст түүх соёлын дурсгалуудын талаар нэгдсэн ойлголт, гүнзгийрүүлсэн боловсрол олгож, тэдгээрээр бахархах үзэл төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болох юм.

Тус семинартОрон нутгийн соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Аялал жуулчлалын салбарын хөтөч, тайлбарлагч, тур оператор компаниудын төлөөлөл, их, дээд сургуулийн багш, музейн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож илтгэл тавин хэлэлцүүлэг хийж амжилттай өрнөж өндөрлөлөө.