Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “UB Food Festival” арга хэмжээг 6 дахь жилдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа.
“UB Food Festival”-д оролцогч 40 гаруй байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттаныг бэлтгэн 1000-5000 төгрөгөөр иргэдэд үйлчилсэн бөгөөд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүдийг толилууллаа.
Арга хэмжээний эхний өдөр болж өнгөрсөн “Хэн хамгийн хурдан бургер идэх вэ?” тэмцээнд 5 үзэгч оролцсноос н.Содов 3 давхар махтай 2 ширхэг бургерийг 5 минут 10 секундэд идэн тэргүүн байрыг эзэлж “Бургер кинг”-ийн нэрэмжит шагналыг хүртлээ. Харин “Хэн хамгийн хурдан айраг уух вэ?” тэмцээнд 6 үзэгч оролцсноос н.Бат-Оргил 1 литр айргийг 16 секундын дотор ууж “Хөх-Үүр” компанийн нэрэмжит шагналын эзэн болсон байна.
Нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл”-р хоол сонирхогч Ц.Отгонбаярын бэлтгэсэн гурилтай, хонины хавиргатай, хөмүүлтэй шөл шалгарсан бол “Улаанбаатар хуурга”-р “Грилл хаус” рестораны тогооч Э.Түвшинцэнгэлийн бэлтгэсэн утсан өвчүү шалгарч “Улаанбаатар Од” өргөмжлөл, цом, эрхийн бичгээр шагнагдлаа.
Хоол бол хүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ төдийгүй аялал жуулчлалын гол бүтээгдэхүүний нэг юм. Food tour буюу хоолны аялал жуулчлалыг дэлхийн олон орон хөгжүүлж жуулчдыг татаж байна. Мөн дэлхий дахинаа органик эрүүл хүнсийг эрхэмлэх болсон. Иймд бид олон зууны түүхтэй, нүүдэлчин хэв маягийг хадгалсан өөрийн гэсэн онцлогтой Монгол хоолны соёлыг олон улсад сурталчилснаар жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой юм.