Өнгөрсөн амралтын өдрүүдэд мотоциклийн моторын дуунд нэгдсэн 500 залуус төмөр хөлгөө хөлөглөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулан “Талын салхи-2018” олон улсын мото наадмын парадад оролцлоо.
Дөрөв дэх жилдээ Монголын чопперчин ахан дүүс, Ред фалконс ТББ-ууд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран тус наадмыг зохион байгуулсан байна. Энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ-аас Москва, Владивосток, Эрхүү, Улаан-Үд, Якут, Чита мужуудаас 13 клубын 100, БНХАУ-ын ӨМӨЗО, Бээжин, Хайнан, Өмнөд мужуудаас 7 клубын 50 мото тамирчид мөн Франц, Герман, Польш, Унгар, Энэтхэг, Япон улсуудын төлөөлөл хүрэлцэн ирэв.
Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой болж өндөрлөлөө.
Чопперчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн газартай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын аялал жуулчлалыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор дараах арга хэмжээг энэ зун зохион байгуулна:
- 2018.06.15 “City tour” хотын автобустай аяллын нээлтийн арга хэмжээ
- 2018.07.10 Дээлтэй Монгол наадам
- 2018.08.04-05 Даншиг наадам
- 2018.08.19 “Тал нутгийн марафон” олон улсын гүйлтийн тэмцээн
- 2018.08.25 UB food festival