ТӨМӨР ХӨЛӨГТНҮҮД АЙСУЙ

ТӨМӨР ХӨЛӨГТНҮҮД АЙСУЙ

Чопперчид гэж хэн бэ? Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд Дэлхийн II дугаар дайны дараа Америк цэргүүд өөрсдийн мотоциклыг засаж тоноглон дур сонирхолдоо нийцсэн шинэ загварын хөнгөн, ганган мотоцикл шинээр бий болгосноор чоппер мотоциклын үүсэл тавигдаж байжээ. Ингээд 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болсон ба Монгол Улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьж байв.

unnamed

Энэ амралтын өдрүүдэд чопперын моторын дуунд нэгдэн савхин хүрмээр гангарсан залуус төмөр хөлгөө хөлөглөн хотын гудамжаар цуваа болон олны нүдийг хужирлах гэж байна. Дөрөв дэх жилдээ Монголын чопперчин ахан дүүс, Ред фалконс ТББ-ууд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9,10-ны өдөр зохион байгуулна.  

Арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд нээж 790 гаруй мотоциклчид цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдөлнө. Мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдах бол орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, Харангын Лхагва, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой.

_UGA1664

Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох Монгол Улсаас 15 клубын 350, ОХУ-аас 100, БНХАУ-аас 50 мото тамирчид оролцоно. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой ажээ. Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадын хамт хөдөлнө.  

Чопперчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн газартай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.

banner