Монголын түүх соёл, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал, барилга архитектурын өвөрмөц шийдэл, сүмд хадгалагдан буй ном судар, бурхан шүтээн, зураг тэргүүтэй шашны эд өлгийн зүйлсийн баялаг цуглуулга, Монгол зон олны үнэлж баршгүй соёлын өв болох Чойжин Ламын сүм нь Монголын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт, түмэн наст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулан Монгол урчуудын гараар бүтээгдсэн сүм цогцолбор юм.
Тухайн үед Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин буух зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцэж байж. Гэвч Чойжин лам урд хойдохыг нэгэнтээ харах чадалтай байсныхаа хувьд Төрийн чойжин бууж байх, улмаар хэцүү үе цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулахыг нэн чухалд тооцож, улмаар 1904 оноос эхлэн сүм бариулж эхэлжээ.
1906 онд Чойжин лам Лувсанхайдав Манжийн хаанд бичиг явуулж, түүндээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр сүм босгов. Таныг урт удаан наслах, Манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлэв” гэжээ. Ингэхэд Манжийн Бадруулт төр хаанаас “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнаж, эрх олгожээ.
Сүмийг 1908 онд ашиглалтад оруулж, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр шашныг хослон баригч, Нарангэрэлт, түмэн наст VIII Богд Жибзундамба хутагтаас “Хар, зүгийн шуламсын аймгийн омгийг дарагч, Их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэр хайрласан байна.
Чойжин ламын сүмд 1938 он хүртэл хурал номын үйл ажиллагаа явагдаж байжээ. Түүхэнд “Их хэлмэгдүүлэлтийн жил” хэмээн нэрлэгддэг 1937 оны хэцүү бэрх цагт олон зуун сүм хийд дацангуудыг татан буулгаж, доторх судар ном, бурхан тахил, бичиг соёлын үнэт дурсгалыг устган үгүй хийсэн билээ. Чухамхүү энэ үед шашин, соёлын үнэт эд өлгийн зүйлийг аймаг хошуудаас цуглуулан тус сүмд төвлөрүүлж, улмаар тухайн цаг үеийн эрдэмтэн мэргэд, сэхээтний төлөөлөгчид төрийнхөө дээд байгууллагад албан ёсны асуудал тавьжээ. Сүмд Монгол урчуудын урлан бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй хэмээн 1939 онд сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтад авснаар хойч үе бидэнд өвлөгдөн ирсэн түүхтэй. Чойжин ламын сүм 1942 оноос “Шашны түүхийн музей” болж, 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байсан бол 1962 оноос ард түмэнд үйлчилж эхэлсэн байна. Музейд шүтээн зураг, зээгт наамал, уран хатгамал, цамын баг, шашны эд өлгийн зүйлс, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн хосгүй үнэт бүтээлүүд зэрэг баялаг үзмэрүүд сүм музейд хадгалагдан буй.