Хүн төрөлхтний түүхэнд ундаасан дассан амттай,аагтай ид шидийн хэмээн идээний дээж нь яах аргагүй цайг нэрлэнэ. Цайны эх орон үүсэл нь Зүүн Өмнөд Азийн, өнөөгийн Вьетнам нутаг аж. Эндээс Хятад, Энэтхэг, Бирм зэрэг бусад орнууд цайг уламжлан түгээж өөрийн болгон өмчилж тариалж ахуй амьдралдаа ихээр хэрэглэж иржээ. Эртний Хятад улс цайны эх орноо Юньнань мужаас үүсэлтэй гэж үздэг . МЭӨ үеэс Өмнөд Хятадад цайг хүмүүс нь эмийн журмаар ахуйдаа хэрэглэдэг байжээ. Яруу найраг уран зохиолдоо МЭ 2700 жилийн өмнө цайны гайхамшгийг магтан дуудсан байх аж.
Дэлхийн олон орон, янз бүрийн соёлыг холбож өгсөн эртний олон замын нэг нь “Цайны зам”юм. Энэ зам улс түмний хооронд холбоо тогтоож, хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хаш чулууны, торгоны, давсны, дарсны, хув эдлэлийн гэсэн худалдааны замын тоог нэгээр нэмсэн. “Цайны зам”-ыг Монголын их говь, тэмээн жингээс салангид төсөөлөхийн аргагүй. Монголоор дамжин өнгөрч байсан худалдааны зам нь далайн тээвэр хөгжихөөс өмнө Ази, Европыг холбосон хамгийн дөт зам байжээ.
Гурван зууны өмнөөс саяхныг болтол оршин тогтнож байсан зам. Монголд жинчдийн явж байсан зам “Өвсний зам” нэртэй байсан. Энэ замаар манай жингийн цуваа цай тээвэрлэж байсан. Яг албан ёсоор нэр өгч ярих болсон нь 2000 оноос хойш юм.2007 оны 7-р сард Хиагт хотын даргын урилгаар ӨМӨЗО-ны нэрт кино найруулагч Ван Си Мин тэргүүтэй 14 судлаачид, уран бүтээлчдийг зочлуулж, “Цайны зам” олон улсын урлагийн анхдугаар наадмыг зохиожээ. Түүнээс хойш манай умард, өмнөд хоёр хөрш энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохиосон боловч, Монголын аялал жуулчлалын удирдах байгууллагыг албан ёсны яриа хэлэлцээрт оруулж байгаагүй ажээ. Харин 2011 оноос Монгол Улсын БОАЖЯ-наас “Цайны зам” төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлага гаргаж, аялал жуулчлалын компани , төрийн бус байгууллага, судлаачдыг оролцуулан ажиллаж эхэлсэн нь тун шинэлэг зүйл болсон. Тив, улс дамжсан энэхүү эдийн засаг, худалдаа, соёл, түүхийн уламжлалт замын дагуу олон улсын аялал жуулчлалыг идэвхжүүлэн сэргээх зорилгоор дээрх төслийг санаачилжээ. Энэхүү төслийн хүрээнд энэ оны 6-р сард ОХУ, БНХАУ, Монголын талын төлөөлөгчдийн олон улсын хурал зохиосноор ажил эхэлсэн юм. Төслийн хамгийн гол арга хэмжээ нь 10-р сарын 23-аас 11-р сарын 7-ныг хүртэл Өвөрмонгол, Монгол улс, Буриадын нутгаар үргэлжилсэн олон улсын судалгааны аялал байлаа. Энэхүү судалгааны аялал нь хоёр долоо хоногийн туршид Өвөрмонгол, Монгол улс, Буриадын нутгаар нийт гурван мянга гаруй километр замыг автомашин, галт тэрэг, нисэх онгоцоор туулсан байна. Тус гурван орны багийн бүрэлдэхүүнд аялал жуулчлалын төрийн захиргааны болон жуулчлалын компаниуд, төрийн бус байгууллагын, төлөөлөгчид судлаачид, уран бүтээлчид оролцсон нь “цайны зам”-ыг сэргээж аялал жуулчлалын шинэ маршрутыг тогтоож, хөрш гурван орны аялал жуулчлалын байгууллагууд цаашид улам нягт хамтран ажиллаж, гурван орны нутаг дэвсгэр дээр “цайны зам”-аар аялахад өөр өөрийн ямар онцлогтой байж болох талаар аялалын явцад олон санал бодол ажиллах боломжийг олгосон. ОХУ-ын талаас Буриадын аялал жуулчлалын байгууллагыг төлөөлж Буриадын нэрт яруу найрагч Дамба Дамдиновын охин энэхүү аяллын Буриадын талын ахлагч Рада Дамбаевна “Время странствий” /аяллын цаг/ Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Л.Г.Ерошинко “Агуу их цайны замыг судлах нийгэмлэг”-ийг үндэслэн байгуулагч Н.Г.Фильшин, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газрын орлогч дарга Яо Вэн Зюнь, Хөх хотын Юй Цюань дүүргийн захиргааны аялал жуулчлалын хэлтсийн дарга Ван Зюнь, ӨМӨЗО-ны нэрт кино найруулагч Ван Симинь нар болон Монголын талаас аялал жуулчлалын салбарын нэр хүндтэй хүмүүс судалгааны аялалд оролцсон нь аяллыг улам их ач холбогдолтой болгосон.
“Цайны замын” талаар Оросууд сайн мэдэх бөгөөд цайны замын тухай яриа дэлгэхэд ямагт Хиагтыг дурсдаг юм. Хотын худалдаа зээлийн хуучин хэрмэн хашаа, гаалийн барилгын туурьтай танилцах үед Хиагт хот нь 19-р зууны үед Орос орны цайны худалдааны төв байжээ. Оросын найманы нийслэл, Саятангуудын хот, Оросын алтан хаалга хэмээн Хиагтыг нэрлэдэг байжээ.
Монголын нутгаар дамжин өнгөрч байсан газруудыг нягтлах юм бол хоёр үндсэн цайны худалдааны зам байжээ гэж үздэг юм байна. Нэгдүгээр зам бол Хаалган-Хүрээ-Хиагт гэсэн Монголын нутгийн төв шугамыг дагасан зам. Хоёр дугаар зам бол Хөх хот-Улиастай-Ховд-Цагааннуур-Бийск гэсэн Монголын баруун хязгаарыг дайрсан зам юм.
Зарим судлаачид гурван зам байсан гэж бичсэн нь ч байдаг юм байна. Учир нь Хөх хотоос Шинжаан, Төвд, Ганьсу-ийн чиглэлд худалдаалсан цай нь Шинжаанаар дамжин Ховдын Булганаар тээвэрлэн орж ирээд, улмаар зарим хэсэг нь Орос руу гардаг ч байжээ. Бүр “Цайны зам”-аас өмнө Төвд рүү чиглэсэн “Цай морины зам”-ын нэг салаа нь монголчуудад цай худалдах хаягтайгаар мөн Шинжаанаар дамжин Баруун Монгол руу чиглэн орж ирдэг байсан гэдэг. Гэхдээ дээр өгүүлсэн “Цайны зам”-ын хоёр чиглэл бол ерөнхийдөө хоорондоо хамааралгүйгээр Монгол руу орсон ба Орос руу гарсан гарц нь давхцалгүй гэдэг үндэслэлээр ийнхүү сонгосон болно. Яг түүхийн үйл явцыг нарийн шинжвэл тэмээн жин тээдэг зам Монголын нутагаар Хүрээ, Улиастай, Ховд хот нь хамгийн гол зангилаа төв газар байж, энд цайны худалдаа жинхэнэ утгаар явж байжээ.
Монголын талын хөтөлбөрт орсон нэг чухал арга хэмжээ бол 10-р сарын 31-нд нээгдсэн “Монголчууд ба цайны зам” сэдэвт Г.Ганболд, Ц.Батсайхан, А.Пунцаг нарын хувийн цуглуулгын үзэсгэлэн байлаа. Энэхүү үзэсгэлэнд цайны тээврийн жингийн цуваатай холбогдох бүхий эд өлгийн зүйлс, аяны тулга, тогоо, цай хийдэг домбо, данх саахуу цайны ширэн уут, цайгаар баталгаажсан цаасан тэмдэгтүүд, “Цайны зам” цэцэглэж байх үед худалдаалж байсан цайны төрлүүдийг дэлгэн үзүүлсэн байлаа. Их хүрээнд хятадын пүүсүүд олон янзын цайг худалдаалж өөрийн зарж буй цайгаа сурталчлан тарааж байсан 150 гаруй төрлийн бичиг дэлгэн харуулсан нь зочдын сонирхлыг ихэд татсан юм байна.
Аялал жуулчлал хөгжиж байгаа өнөө үед Монгол орноор дайран гарсан “Цайны зам”-ын маршрутыг мэргэжлийн төвшинд бий болгож, аялал жуулчлалын болон соёлын бүтээгдэхүүнийг бий болгоход бидний бүтээл бага ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт найдаж байгаа. Д.Оюунхорол сайд телевизээр ярихдаа “Нүдэнд үзэгдэж, гарт баригдах юм хиймээр байна” гэж үг хэлсэн байдаг. Наад зах нь “Цайны зам” явж өнгөрч байсан газарт тэмдэг тавих, Монголын цайны замын талаар гадаад руу сурталчлах, цайны соёл, цайны замын тухай ном, товхимолыг гадаад хэлээр гаргах, кино хийх, марк, зурагт хуудас, музей гэсэн олон ажлыг хийж болно. Цайны зам, цайны соёлыг нүүдэлчдийн соёлын хүрээнд авч үзэх ёстой юм.
Энэ сэдэв судалгаа хийх, ном бичих, төсөлд оролцох зэргээр төрийн бус байгууллага, хувийн секторын хүчээр саяхныг хүртэл явж ирсэн билээ. Цаашид төрийн зүгээс анхаарч, дэмжиж туслах нь чухал байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ нүүдлийн соёл, иргэншлээ авч үлдэхийн тулд бид юу хийх вэ? Өнгөрөгч оны 10 дугаар сарын 26-29 хооронд зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн эрдэм шинжилгээний хурлын үеэр олон чухал санаа гарч байсан. Түүнээс гадна жуулчдын сэтгэл ханамжийг яаж татах аргачлалын талаар ярьж хэлэлцсэн. Бидний хүчин чармайлтаар төрийн зүгээс ч бас дэмжиж эхэлж байна.Сүүлийн үед хоёр хөрш маань Монголыг цайны замын сэдэвт арга хэмжээ, үйл ажиллагаанд оруулдаг болсон. Тухайлбал, 2016 оны 10 дугаар сард Бээжинд болсон ээлжит уулзалт дээр “Олон улсын цайны замын холбоо”-г байгуулж, хамтарсан тунхаг гаргасан.
Монгол цайны соёл бусад улсын цайнаас ялгаатай байдаг.
Монголчуудын цайны соёл нь Япон, Хятадын цайны соёл, ёслолоос арай өөр онцлогтой. Монгол хүний өдөр тутмын аж төрөл нь цайтай нягт холбоотой. Өдөрт цай уудаггүй Монгол хүн гэж үгүй. Айлын эхнэр хүн өглөө эртлэн босож, сүү саалиа бэлдэн, өтгөн улаан цайгаа чанаж, сүлж самраад дээжээ тэнгэр хангайдаа өргөснөөр энэ айлын өөдлөх нэгэн сайхан өдөр эхэлдэг.Их ажлын завсраар хааяа нэг данхтай хүйтэн цайнаас балгах нь ажлын ачааг хөнгөлж, амны цангаа тайлна.
Хэрэв гэрээ эзгүй орхихоор бол данхаа заавал цайтай үлдээж, хаалгаа түгжилгүй орхиж явна.Тэр нутгаар алба, амины ажлаар яваа хэн ч байсан хөдөө хээр байгаа айлд эзгүй байсан ч орж, аян замын алжаалаа тайлж, данхан дахь цайнаас ууж, хүч сэлбэж аваад явдаг.Таних, танихгүй ямар ч хүнд нүүдэлчдийн гэр ямагт нээлттэй.Энэ бол нүүдэлчдийн ахуй, малчин ардын бие биеэ хүндэтгэж, бас байгаль орчинтойгоо нэгдэн аж төрж буй байдал юм.