Амьд тоглолтын танилцуулга
Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох “Чойжин ламын сүм” нь 100 гаруй жилийн өмнө эрдэмтэн мэргэд, шилдэг урчуудын оюун ухаан, авьяас хөдөлмөрөөр бүтээгдэн цогцолж монголчуудын сүсэг бишрэл, урлахуй ухааны боловсрол, хөгжилд хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн билээ.
Тус музей нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны харьяа төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд жилд дунджаар 30,000 орчим үзэгч үйлчлүүлэгчдийг хүлээн авч үйлчилдэг.
Музей нь урлагийн боловсролыг нийтэд түгээх, залуучуудыг түүх, соёлын үнэт өвтэй танилцах боломжийг бүрдүүлэн, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэхүү үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлсээр байгаа ба 2015 онд “Шөнийн сүм музейд Хөсөгтөн”, 2016 онд “Шөнийн сүм музейд Морин хуурын чуулга” үйл ажиллагааг тус тус амжилттай зохион байгуулж 600 гаруй үзэгч, үйлчлүүлэгчдийг хүлээн авсан.
Энэ удаад Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга“ амьд тоглолтыг 2017 оны 09 сарын 07 өдрийн 20:00 цагт зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн Улаанбаатар чуулга нь 2014 оноос өнөө цагийн залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготойгоор менежментийн шинэчлэл хийж, ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрлүүдтэй хослуулан томоохон бүтээлүүд туурвиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт”, “UB I LOVE YOU буюу Үйлсийн сайхан УЛААНБААТАР” мюзиклийг туурвисан. Өдгөө Нийслэлийн Улаанбаатар чуулгад МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, гоцлол дуучин С.Ганзориг, МУСТА, дуучин Д.Баасанжав, уртын дуучин С.Батболд, хийлч Ч.Дэлгэрцэцэг /Дээгий/, бүжигчин Д.Энхгэрэл зэрэг мэргэжлийн хөөмэйч, дуучид, бүжигчид, хөгжимчид, циркчдээс бүрдсэн 40 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Мөн “Хангарьд” үндэсний найрал хөгжим, “Хамаг монгол”, “Их Монгол” зэрэг үндэсний хөгжмийн хамтлаг, “Хишигтэн”, “Гэрэгэ” морин хуурын дөрвөл хөгжмийн хамтлагтайгаар уран бүтээлээ туурвиж, өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын 30 гаруй орноор айлчлан уран бүтээлийн дээжээ хүргэсэн чадварлаг хамт олон юм.
“Шөнийн сүм музейд-Улаанбаатар” тоглолтод хүрэлцэн ирснээр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, тэр дундаа зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Торгон зураг” үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгдсэн Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм.
Тус арга хэмжээний хөтөлбөр:
20:00-20:10 | Нээлтийн үйл ажиллагаа |
20:10-21:20 | Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолт |
21:20-23:50 | “Торгон зураг”үзэсгэлэн болон шөнийн музей үзэх |
Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн сүм музейн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой ба дээрх бүгд тасалбарын үнэд багтсан болно.
“Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга” үйл ажиллагааны тасалбарын үнэ 50,000 төгрөг.
Тасалбарыг www.ticket.mn –ээр худалдаалж байна. 1900-1800 дугаарын утсаар захиалж, хүргүүлэн авах боломжтой.
Холбоо барих:
Монгол улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, I хороо
Гэндэнгийн гудамж
Утас: (+976 -11) 328547, 70118411, 99996615, 99026081
Фэйсбүүк хуудас:
- Choijin Lama Temple Museum/Чойжин ламын сүм музей
- Нийслэлийн Улаанбаатар чуулга
Танд зөвлөхөд: Музей нь зүлэг болон байгалийн чулуун замтай тул эрхэм үйлчлүүлэгч та гутлаа тохируулж, дулаан хувцаслаж ирнэ үү.
“ШӨНИЙН СҮМ МУЗЕЙД УЛААНБААТАР ЧУУЛГА” ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨР |
||
1. | Г.Явгаан
“НИЙСЛЭЛ УЛААНБААТАРЫН МАГТААЛ” |
МУСТА Б.Батболд, дуучид, бүжигчид, Хангарди үндэсний хөгжмийн найрал,
Удирдаач МУСТА Р.Ганбат |
2. | Ноён хутагт Данзанравжаа
“ҮЛЭМЖИЙН ЧАНАР” |
Улаанбаатар чуулгын уртын дуучин МУГЖ Г.Хонгорзул |
3. | Д.Нанжидын дэглэлт
“УРАН СУГСРАА” |
Улаанбаатар чуулгын бүжигчид, морин хуурч С.Даваажаргал |
4. | Монгол ардын дуу
“ХӨХ ТОРГОН ДЭЭЛ” |
Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг |
5. | О.Чинбатын хөгжим
“БАЛЧИН ХЭЭР” |
Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин Д.Ганзол |
6. | “ЦАМ” | Улаанбаатар чуулгын бүжигчид, цамын тайлбартай |
7. | “ТӨМӨР ХУУРЫН ГАЙХАМШИГ” | Улаанбаатар чуулгын этник дуучин Д.Шижирмаа |
8. | “ЧОНО” | Улаанбаатар чуулгын “Их Монгол” хамтлаг |
9. | “АЛТАЙН МАГТААЛ” | “Их Монгол” хамтлаг |
10. | Д.Энхгэрэлийн дэглэлт “УЯЛДАХ УЧИР” | Улаанбаатар чуулгын бүжигчид, бит бокс Рэй |
11. | “УУЛЫН ЭЗНИЙ АГУЙД” | Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, МУСТА Х.Бархүү, МУСТА Б.Мягмарцэрэн |
12. | “CINEMA PARADISO” | Улаанбаатар чуулгын Хангарди найрал, удирдаач МУСТА Р.Ганбат |
13. | Д.Монте “ЧАРДАШ” | Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, хийлч Дээгий, төгөлдөр хуурч С.Анхжаргал |
14. | “ЖОНЕЦУ ТАЙРИКУ” | Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, МУСТА хийлч Дээгий, МУСТА О.Чинбат, МУСТА Х.Бархүү, МУСТА Б.Мягмарцэрэн, Хангарди найрал, удирдаач МУСТА Р.Ганбат |
Ерөнхий найруулагч: | Р.Мөнхсайхан /МУСТА/ | |
Хөгжмийн зохиолч, продюсер: | О.Чинбат /МУСТА/ | |
Туслах найруулагч: | П.Урнаа /МУСТА/ | |
Дизайнер: | Г.Чимэд | |
Маркетингийн менежер: | Л.Одгэрэл, М.Энхтуул |