Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ 2017 оны 09 дүгээр сарын 02,03-ны өдрүүд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.
Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн хоолны цэсээ шинэчлэж оролцов. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчиллээ.
Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжээр ОТД ХХК-ийн Баян монгол ресторан, шилдэг тогоочоор Broadway сүжээний тогооч Шижирбат шалгаран өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ?”, “Хэн хамгийн хурдан зайрмаг идэх вэ?” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан, янз бүрийн сонирхолтой урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулж тэмцээнд идэвхтэй оролцсон иргэдийг ивээн тэтгэгчдийн гарын бэлэг, мөнгөн шагналаар шагналаа.
Үүнээс гадна 3 минутад хэрхэн цуйван хийх аргыг Монголын хоол урлахуйн нийгэмлэгийн тогооч, Монгол улсын мастер тогооч Б.Дэлгэр үзэгчдэд толилууллаа.
Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээний ялагч
“Хэн хамгийн олон бургер идэх вэ?” тэмцээний ялагч
Zesto брэндийг сурталчилсан шилдэг оролцогч
“UB food festival” нь гэр бүл, найз нөхдөөрөө жил болгон зорин ирдэг Улаанбаатар хотод зохиогддог гол арга хэмжээнүүдийн нэг юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлчүүдээ болон гадаад дотоодын жуулчдыг амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах болно.
Арга хэмжээний ивээн тэтгэгчээр Мега Малл ХХК-ийн Zesto брэнд, зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал Жуулчлалын газар Монголын Тогооч нарын Холбоотой хамтран ажиллалаа.