7-р сарын 23-ны өдөр “Энх тайван, Найрамдал, Залуу элч” Монгол-Хятадын өсвөр насны төлөөлөгчдийн Монгол улс дахь зуслангийн нээлтийн ёслол Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Тус хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээнд Монголын хүүхдийн ордны авьяаслаг 40 багачууд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны 90 хүүхдүүд хамтран урлагийн тоглолт толилууллаа. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Монгол-Хятад улсын эртний түүхт харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж манай хоёр улсын түүхэн өв соёлыг ирээдүй болсон залуу хойч үедээ уламжлан үлдээж таниулах багачуудын хамтарсан урлагийн тоглолт болж байна. Энэхүү танхимд хуран цугласан нийт зочид, хүүхдүүддээ талархсанаа илэрхийлээд сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Zheng Jia Ning “Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан албаныхан болон хүрэлцэн ирсэн зочдод талархалаа илэрхийлье. Үүгээр дамжуулж Цайны замын соёлыг таниулах болсонд таатай байна. Өсвөр багачууд бол хоёр улсын ирээдүй юм. Бид бүгд хамтдаа хоёр улсын аялал жуулчлалын хөгжилд Цайны замын брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж, хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэцгээе” гэв.
Монголын хүүхдийн ордны багачууд “Чингисийн Монгол”, Торгууд ардын “Тоохуу нэгэн хос” дуу, “Хэнтий өндөр ууланд” хийл хөгжмийн ая, “Жудр”, “Аврага Зээрд” бүжгийг толилуулсан бол БНХАУ-ын багачууд Хятад үндэсний “Cэвүүр,” “Цэцгиийн дэлбээ”, “Өдөт”, Энэтхэг үндэсний “Том хар нүд” бүжиг, “Хүүхдийн сэтгэлээр хамтдаа аялъя” дуэт дуу, “Загасчдын дуулал” ятга хөгжмийн аяыг эгшиглүүллээ.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НАЖГ-ын дарга, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх Монголын хүүхдийн ордны Сургалтын албаны дарга Нэргүй нар аялалд оролцож буй хүүхдүүдийн төлөөлөлд талархал, гарын бэлгийг гардуулан зочдын хамт дурсгалын зураг татууллаа.
Тус арга хэмжээг БНХАУ-ын 25 томоохон хэвлэл мэдээллийн алба ирж сурвалжиллаа.