300 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЦАЙНЫ ЗАМЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

300 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЦАЙНЫ ЗАМЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Есөн мянган километр үргэлжлэх Цайны зам нь Улаанбаатар хотын түүхэн хөгжилд чухал нөлөө үзүүлж байсан юм. Хятадын өмнөд болон төв хэсэгт ургуулсан цайг хурааж Хаалган, түүний дараагаар Замын-Үүд, Чойр, Хүрээ, Хиагтаар дайруулан эцсийн цэг болох Москва хотод хүргэдэг байжээ. Олон өдөр холын замд алжаасан жинчид их аян замын төв цэгт байрлах Богд уулын ар, Туул голын эрэг дагуу буудаллаж амардаг байв. Ийнхүү жинчдийн амран буудалладаг байсан газар хожим лам хуврагууд суурьшин сүм хийд байгуулж бүр цаашлаад Монгол улсын төр засаг, шашин, худалдааны төв Их Хүрээ болон тэлсэн түүхтэй.

Одоогийн Баянзүрх дүүрэгт байрлах Дулмаалин хийдийн хашаанд XVIII-р зуунд сүндэрлэгдсэн түүх соёлын үнэт дурсгалд тооцогдох 2 чулуун баганаас эргэн тойрон 2 километр дотор Монгол Хятадын олон тооны пүүсүүд ажилладаг байв. Их Хүрээний зүүн хэсэгт байрлах энэхүү газарт Цайны замаар дамжин ирсэн Монголд буух цайг буулган бусад аймаг хошуунд хуваарилах гол зангилаа байсан юм. Ингэснээр Их Хүрээ гадаад, дотоодын худалдааны пүүсүүд, гааль, дэн буудал, сүм хийд, гар урлалын болон тээврийн тоног хэрэгслийн засварын газар, суурьшмал иргэд бүхий төв болжээ. Энэ нь Цайны замыг Монголын нийгэм соёл, эдийн засгийн харилцаанд чухал хөгжлийн гүүр болж байсныг харуулж байна.

IMG_5471

1955 оны 12-р сарын 31-нд нээлтээ хийж байсан тэр үеийн ЗСБНХУ, БНМАУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын маршрут Цайны замтай ижил тул одоог хүртэл Цайны замын түүх үргэлжилж байна. Үүнээс гадна ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон авто болон агаарын зам ч энэхүү маршрут дагуу өнгөрдөг.

Өнөөдөр буюу 2017 оны 07-р сарын 22-ны өдөр эртний түүхт Цайны замын дурсгалын хөшөөний нээлт Дулмаалин хийдэд боллоо. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдөр Цайны замын гишүүн орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч даргаар ахлуулсан 460 орчим мэргэжилтэн Монголд айлчилж уулзалт зохион байгуулж байна. Өнөөдөр бид бүхэн түүхэн чухал үйл явдлын гэрч болж байна. Цайны замын холбоо Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалыг олон салбараар дамжуулан дэлхий нийтэд түгээж байна. Цайны замд гурван улсын 13 хот хамаарагддаг. Өнөөдрийн бидний зогсож буй энэ газар бол дэлхийн томоохон худалдааны цэг болж байсан буйр юм” гэж онцоллоо.

IMG_5459

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Zheng Jia Ning “Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан, хүрэлцэн ирсэн зочдод талархлаа илэрхийлж түүх соёлоо эргэцүүлэн бодож, ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа Цайны замыг гурван улсын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын түүх, соёлын дурсгалтай салшгүй холбоотой энэхүү газар Цайны замын анхны хөшөөг босголоо. Цаашид Цайны зам, түүний дурсгалыг дэлхийн нийтэд түгээх зорилготой байгаа бөгөөд энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монгол, БНХАУ-ын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэж байна” гэв.

IMG_5468

БНХАУ-ын Jiangxi телевизийн сэтгүүлч Xie Yong Fang “Монгол улсын соёл, үзэсгэлэнт байгаль үнэхээр гайхалтай төдийгүй манай орноос маш өөр байгаа нь Монгол улсад аялах хүсэл ихээр төрүүлж байна. Хоёр орны хөгжин цэцэглэлтэд аялал жуулчлалын салбар салшгүй холбоотой бөгөөд өнөөдрийн арга хэмжээ сайхан болж байна” хэмээлээ.

Маргааш буюу 7-р сарын 23-ны өдөр “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг”-ийн үргэлжлэл болох “Энх тайван, Найрамдал, Залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээнд зориулсан Монголын хүүхдийн ордны авьяаслаг багачууд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны 90 хүүхдийн хамтарсан урлагийн тоглолт Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд 11:00-12:00 цагийн хооронд болно.

IMG_5466