“Хүрээ”-нээс өгсүүлээд Улаанбаатар хот болтлоо хөгжсөн нийслэлийн түүхийн өв соёл, уламжлалыг хадгалан үлдсэн газар бол “Гандангийн дэнж”. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг энэ дэнжийг тохижуулах, үндэсний болон орчин үеийн өнгө төрх шингэсэн цогцолбор болгон хөгжүүлэх төслийг олон жил ярьж, бичиж, эрдэмтэн судлаачид, архитекторчид зураг төсөл хийж байсан юм. Иргэдийн дэмжлэг, зөв төлөвлөлт, бодлого үгүйлэгдсэний уршгаар өнөөдрийг хүртэл Гандангийн дэнжийн өрх айлууд хөрсний бохирдол ихтэй, төвлөрсөн халуун дулаанд холбогдоогүй, хотын төвийн хөдөө тосгон болсон байсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар “Гандан аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах бүтээн байгуулалтын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс, тус хорооны иргэд, оршин суугчид оролцлоо.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, Гандан аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан байдаг. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зүүн хойд Азийн соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно”, “Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгоно” гэж заасны дагуу Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажил эхлүүлээд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Гандантэгчэнлин хийд орчим бол Улаанбаатар хотын түүх соёлтой салшгүй холбоотой. Энэ хэсгийг хэрхэн өөрчилж, ая тухтай орчныг бий болгох вэ гэдэг тал дээр үе үеийн хотын дарга нар анхаарлаа хандуулан ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл бодитой өөрчлөлт хийж чадаагүй. Уламжлалт хэв маягийг нь хадгалж, орчин үеийн суурьшлын бүс болгоход бүтээн байгуулалтыг өрнүүлэх хэрэгтэй. Иргэдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх вэ гэдэг нь хүнд асуудал. Гандан орчмын хэсэгт урд нь нэг ч удаа газар чөлөөлж бодитой ажил хийж байгаагүй. Бид иргэдтэйгээ ярилцаж тохиролцсоны дүнд энэ ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэж онцоллоо.
Эхний ээлжийн жишиг гудамжийг барьж байгуулахад чөлөөлөх шаардлагатай 67 нэгж талбараас 7 нэгж талбарын газрыг чөлөөлж, 42 нэгж талбартай гэрээ байгуулаад байгаа аж. Иргэдийн дэмжлэг өндөр байгаа нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг бий болгож байна. Аялал жуулчлалын гудамжны барилгын загвар төслийг гаргахдаа нэгдүгээр давхартаа шашны болон соёл, дурсгалын худалдаа үйлчилгээг иргэд нь өөрсдөө ажиллуулдаг, хоёр болон гуравдугаар давхартаа амьдардаг байхаар төлөвлөж байгаа юм. Газраа чөлөөлсөн иргэдийг түр оршин суух орон сууцаар хангах юм. Хотын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Батболд түр оршин суух байрны түлхүүрийг гардуулан өгсөн юм. Бүтээн байгуулалт дуусахаар тэд шинэ орон сууцандаа орно гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.