Жуулчид Улаанбаатар хотын оршин суугчдын адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Тодруулбал, нийслэлийн Аялал, жуулчлалын газар “Нийслэл масс медиа” компанитай хамтран ирэх сараас Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргахаар болжээ.
Дэлхийн томоохон хотуудын гарын авлагын жишгээр хийх “Улаанбаатар хөтөч” ном гадаадын ЭСЯ болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдах юм. Энэхүү ном өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ гэж холбогдох хүмүүс хэллээ.
НАЖГ нь нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр хангах, нийслэлээ гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Харин “Нийслэл масс медиа” компани Улаанбаатар хотын анхны үнэгүй тараадаг “Нийслэл Guide” хөтөч сэтгүүлийг эрхлэн гаргадаг. “Нийслэл Guide” сэтгүүл сар бүр 10 мянган хувь хэвлэгдэж, хот даяар 120 гаруй түгээлтийн цэгт хүрдэг цор ганц сэтгүүл гэдгээр нь хүмүүс мэдэх билээ.
Тус сэтгүүлд нийслэлд болж буй шинэлэг үйл явдал, соёлын хөтөлбөр, онцлох үйлчилгээний газруудын танилцуулга, хотын түүхэн үгүүлэл зэрэг сонирхолтой контент багтдаг. Зургаан жилийн турш хэвлэгдсэн “Нийслэл Guide” сэтгүүлийн архивт тулгуурлан Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном шинэлэг шийдлээр жуулчдад хүрэх боломж бүрдлээ.