Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоотой хамтран 03-р сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкалтур-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож, “Золотая звезда” буюу “Алтан од” цом, өргөмжлөлийг хүртсэн байна. Тус өргөмжлөлийг шилдгийн шилдэг оролцогч улс, хотод олгодог бөгөөд үзэсгэлэнд БНСУ болон ОХУ-ын Эрхүү, Өвөр байгалийн нийт 8 муж, БНХАУ-ын 13 мужийн нийт 220 аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон байна.
Харин Улаанбаатар хотоос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Let’ s Travel”, “Далай Тур”, “Ger to Ger”, “Resort World Terelj”, “UB Inn Hotel”, “Grand Hill Hotel”, “Mongolian Corporate Travel”, “Cаян-Радиан” компани, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, “Улаанбаатар” телевиз, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож, Монгол улс тэр дундаа Улаанбаатар хотоо нэгдсэн зохион байгуулалттайгаар сурталчилжээ.
20 дахь жилдээ зохион байгуулагдсан “Байкалтур-2017” үзэсгэлэн энэ жил “Их цайны зам” сэдвийн хүрээнд болсон бөгөөд гурван улсын “Их цайны Зам” төслийн зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нарын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцжээ.
Мөн Эрхүү хотын “BAIKALREST” маркетинг сурталчилгааны компанийн “baikal.rest” цахим хуудсаар дамжуулан нэг жилийн хугацаатайгаар Монгол улсыг Oрос, Aнгли хэл дээр сурталчлахаар боллоо гэж Hийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.