Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх Монголын Аялал жуулчлалын холбооны дэргэдэх Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөл болон үндэсний аялал жуулчлалын компаниудын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Тус уулзалтын зорилго нь хоёр улсын аялал жуулчлалын зах зээлийг өргөжүүлэхэд чиглэгдсэн байна.
Өнгөрсөн онд нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын аялал жуулчлалын холбооны дэргэдэх Монгол-Хятадын зөвлөлтэй хамтран бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор олон ажил хийсний нэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэргүүлэх зэргийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан Улаанбаатар хотыг сурталчилсан байна. Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болгох зорилтыг Нийслэлийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө дэвшүүлээд байгаа. Энэхүү зорилтын хүрээнд тус газраас “Цайны зам” төслийн хүрээнд ирэх наймдугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын соёлын фестиваль, эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах юм. Мөн “Улаанбаатур” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Цайны зам” сэдвийн хүрээнд гурван улсын 13 муж, хотуудыг хамруулан хийхээр төлөвлөжээ. Энэ удаагийн уулзалтаар төр, төрийн бус байгууллагынхан хамтран бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох, Улаанбаатар хотыг болон Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэгдсэн маркетинг сурталчилгаагаар сурталчлах нь зүйтэй гэж үзэж, цаашид Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөлтэй хамтран ажиллана.