Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецовтой уулзлаа. Хотуудын байгаль орчин, спорт, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецов “Манай үндсэн хамтын ажиллагааны чиглэл нь аялал жуулчлалын салбар. Бид энэ салбарын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг хүсэж байна. Чита хотод байгалийн үзэсгэлэнт газар, хөшөө дурсгал бүхий газрууд олон бий. Эдийн засгийн хөгжлийн хувьд ч 2 хот хоорондын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Манай хотын хувьд Улаанбаатар хоттой биеийн тамир, боловсролын салбарт мөн идэвхтэй хамтарч ажилладаг. Цаашид ч дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн.” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Чита хот бол ОХУ-д өвлийн спортоор чухал байр суурь эзэлдэг. Зөвхөн өвөл гэлтгүй аялал жуулчлалын нэг чухал бүс. Цаашдаа аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, илүү өргөжүүлэх шаардлагатай гэж бодож байна.” гэлээ. Мөн 2 хотын хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар болон Чита хотын иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
http://ulaanbaatar.mn/content/show/18289