There is no gallery selected or the gallery was deleted.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шууд нислэгтэй орнууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлж, хөрш орноос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Японд зохиогддог олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцохоор төлөвлөсөн. 3-р сарын 23-26-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод зохиогдсон 23 дахь удаагийн MITT үзэсгэлэнд Улаанбаатар хотыг сурталчилав. 2015 оноос эхлэн олон улсын аялал жуулчлалын зах зээлд Улаанбаатар хотыг соёлын болон бизнес жуулчлалын бие даасан зорих газар болгон сурталчлах ажил эхэлсэн бөгөөд 85 орны 2000 гаруй аялал жуулчлалын байгууллага улс, хот, аяллын бүтээгдэхүүнээ танилцуулсан тус үзэсгэлэнд анх удаа Монгол улсаас Нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Нью Жуулчин групп оролцлоо. Үзэсгэлэнг 32,000 гаруй мэргэжилтнүүд үзэж сонирхсоны 54 хувь нь аяллын агент, 21 хувь нь тур оператор, 9 хувь нь байр сууцны үйлчилгээ эрхлэгчид, 8,4 хувийг мэдээллийн технологи, тээврийн компаний төлөөлөгчид байсан байна. Үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газар хот, хот орчмын аяллын үзмэрүүдээ, МИАТ ХК Москва-УБ-Москва болон Улаанбаатараас эхлэлтэй олон улсын нислэгүүдээ, Нью Жуулчин групп “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёлын аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг түлхүү сурталчиллаа. Үзэсгэлэнгийн албан ёсны дэмжигчээр НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, түнш орноор Израйль улс ажиллалаа.