Жуулчид олноор зорчдог гудамж, талбайд хэв журам сахиулдаг цагдаа нарт англи хэлний анхан шатны ярианы чадвар олгох сургалтыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн онд нийт 60 цагдаа суралцсан бол энэ жил 50 цагдаа 14 хоногийн сургалтад суух аж.
Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг уг сургалт жуулчдын аюулгүй байдлыг хангах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой аж.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга сургалтын талаар “Найрсаг Улаанбаатар хот болгохын төлөө бүгд ажиллаж байна. Найрсаг байдлын хамгийн том шалгуур нь жуулчны аюулгүй байдал. Үүнийг хангадаг, сахидаг, хамгийн түрүүнд харьцдаг хүмүүс бол цагдаа нар. Тиймээс онцгойлон энэ сургалтыг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд гадаадын иргэдтэй холбоотой хэргүүд өсөх хандлагатай байна. Тиймээс жуулчидтай харилцахдаа энгийн, найрсаг, мэргэжлийн байхад туслах үүднээс сургалтыг зохион байгуулж байна” гэлээ.
Сургалтыг “Wizard” сургалтын төвийн багш нар явуулж байгаа юм байна. Сургалтад хамрагдаж байгаа цагдаа нар өдөрт 8 цагийн сургалтад сууж, ажлын байрандаа 1 цаг 30 минутын дадлага, давтлага хийж байгаа аж.
“Алба хаагчдаа чадавхижуулах зорилгоор энэ сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил анхан шатны мэдлэг дээр нь ажлын байранд шаардлагатай гэсэн зорилтыг тавьж хүмүүсээ сонгосон” гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга Ц.Цэрэнпунцаг онцолсон юм.
Сургалтын дараа хотын төвийн хэсгүүдэд ажилладаг эргүүлийн цагдаа нарын хэрэгцээнд сургалтын материал, монгол-англи ярианы дэвтэр зэргийг өгөх юм байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газраас цахим, зайны, танхимын зэрэг англи хэлний сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд одоогоор 300 гаруй цагдаагийн ажилтныг сургалтад хамруулаад байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Сургалт, үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Б.Батхуяг хэллээ.