Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд МУИС хамтран ажиллана.
Аливаа улсын шинжлэх ухаан, боловсролын хөгжилд үндэсний их сургууль, эдийн засаг, нийгмийн хөгжилд нийслэл хот шийдвэрлэх үүрэг, нөлөөтэй байдаг билээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын аялал жуулчлалыг судалгаанд суурилсан, мэдлэгт тулгуурласан, мэргэжлийн эрдэмтэн судлаачдын саналд үндэслэсэн, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн бодлого төлөвлөлттэйгөөр хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Газар зүй, геологийн сургуультай Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр талуудын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж өгсөн байна. Эдгээрээс дурьдвал:
– Нийслэлийн аялал жуулчлалын хөгжлийн бодлого төлөвлөлтөд сургуулийн багш судлаачдын санал, судалгаа шинжилгээний дүнг харгалзан тусгаж байх
– НАЖГазрын зүгээс сургуулийн багш, судлаачид, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, санаачилсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүтээлээ нийтэд хүргэх, сурталчлахад нь дэмжлэг үзүүлэх
– Сургалтын материал, сурах бичиг, гарын авлагыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах чиглэлээр хамтран ажиллах
– Сургуулиас хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажилд газар нь захиалагч тал болон оролцох, жил бүрийн судалгаа, шинжилгээний ажлын төлөвлөгөөнд саналаа тусгах, судалгаанд шаардлагатай мэдээлэл харилцан солилцох
– Нийслэл хотын аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын бүх шатны ажилтнуудад зориулсан төрөл бүрийн богино, дунд хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулж мэргэшүүлэх сургалтууд явуулах
– МИУС-ийн шилдэг оюутнуудыг НАЖГ-т үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, тэднийг цаашид тогтвортой ажлын байраар хангахыг дэмжин ажиллах
– Аялал жуулчлалын салбарт эерэг нөлөөтэй, нийгэмд чиглэсэн, ашгийн бус үйл ажиллагаанд сургуулийн оюутнуудыг татан оролцуулах, тэдний гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллах эдгээр болно.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, МУИС-ын Газарзүй-геологийн сургуулийн хооронд бий болсон энэхүү хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын салбарын хувьд цоо шинэ хуудсыг нээж байгаа бөгөөд нэг талаас судалгаа, шинжилгээнд суурилсан бодлого төлөвлөлтөөр аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, нөгөө талаас манай улсын аялал жуулчлалын шилдэг багш, оюутнуудын эрдэм судлалын ажлыг дэмжих ач холбогдолтой юм.