БНСУ-ын Гояан хоттой аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байна. БНСУ-ын “21-р зууны дэлхийн хот” хэмээн нэрлэгдэж буй Гояан хоттой аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус хотын даргын урилгаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын төлөөлөгчид томилолтоор ажиллав. Энэ онд 600 жилийнхээ ойг тэмдэглэж буй Гояан нь бизнес жуулчлал, эмчилгээний жуулчлал, амралтын жуулчлалыг амжилттай хөгжүүлж буй, 1 сая гаруй хүн амтай хот бөгөөд энд хэмжээгээрээ Солонгост 1-р байранд, Азид 4-рт ордог Kintex үзэсгэлэнгийн цогцолбор, БНСУ-ын хамгийн том кино зураг авалтын хотхон, усан болон цасан паркууд ажилладаг байна. Хоёр хот эхний ээлжинд эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн зочид буудал, дэн буудал, амралтын газрын менежер, ажилтнуудыг богино хугацаагаар сургах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Мөн БНСУ-ын Гояан хоттой эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрийг БНСУ-ын Гояан хотын дарга ноён Сунг Чол болон Монгол улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар байгуулав.