Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар олон талт уулзалт хийв.
Тухайлбал:
1. Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хилийн боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх,
2. “Хил орчмын аялал жуулчлалын тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлуулах ажлыг эрчимжүүлэх,
3. Хил орчмын аялал жуулчлалд хялбаршуулсан журмаар олгодог үнэмлэх хэрэглэх асуудлыг эцэслэн тохирох,
4. Хил орчмын боомтуудыг холбосон аялал жуулчлалын үндсэн маршрут, чиглэлүүдийг боловсруулан батлах;
5. Төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг байгуулан хил орчмын аялал жуулчлалын шугамаар орж ирсэн гадаадын жуулчдад зориулан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулан гаргах;
6. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хилийн боомтуудын дэргэд худалдаа, үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар зэргийг нэг дор шийдсэн цогцолбор байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх;
7. 72 цагийн визийн ангиллаар орж ирэх жуулчдыг автомашинтай нь аялуулах боломж олгох эрх зүйн зохицуулалтыг хийх;
8. Хил орчмын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд орж ирсэн жуулчдыг бүрэн хариуцуулах эрх зүйн зохицуулалтыг хийх, бүртгэлийн системийг боловсронгуй болгох, жуулчдад чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээг бий болгох зэрэг асуудалд санал нэгдэв.