Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбортой хамтран “Бүргэдийн баяр” наадам энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна.
Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстнийхээ ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тус арга хэмжээний зорилго оршино.
Наадмын нээлтэд УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Т.Аубакир, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцлоо.
Наадамд Баян -Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас хүрэлцэн ирсэн шилдэг 19 бүргэдчин, анч бүргэдийн хамт оролцож байна. Энэ үеэр Бүргэдтэй парад, Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн, Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн, Казак үндэсний тоглоом (көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн) болно. Мөн Морьтон баатрын шоу тоглолт, Харцага шонхор шувуудын шоу тоглолт, Тэмээ унах, Бүргэд шувуу болон тэмээтэй зураг даруулах, 360 камераар зураг даруулах, ЖДҮ-ийн худалдаа, Галын наадам, тойром бүжгийн үзвэр үйлчилгээ явагдаж байна.
“Бүргэдийн баяр 2023” наадам маргааш үргэлжилнэ.