БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД “WELCOME TO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байгаа бөгөөд өнөөдөр “Монголд зочлох жил”-ийн гадаадад сурталчлах ажлын хүрээнд “Дөрвөн улирал” эвент соёлын арга хэмжээг БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэгч компани болох “Hana Tour”, “Modu Tour”, “SM Entertainment”, “KT Corporation” тэргүүтэй 200 гаруй бизнесийн нэр хүндтэй компанийн төлөөллүүдэд сонирхууллаа.

✅Уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Соёлын яам хамтран зохион байгуулсан ба айлчлалын бүрэлдэхүүнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, сайдын зөвлөх О.Одбаяр нар ажиллаж байна.

✅Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилтыг тавьж олон улсад “Welcome to Mongolia” хэмээх түлхүүр үгийг зарлав.

✅БОАЖЯ, БНСУ-ын “SM Entertainment” группын хооронд “Соёлын арга хэмжээнд тулгуурласан аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд жилийн турш уран бүтээлчид олноор оролцсон концерт, наадам зохион байгуулагдахаас гадна жуулчдыг татах амралт зугаалга, гольфийн талбай, спортын талбайтай азийн энтертайнмент газрыг бий болгохоор төлөвлөж байна.

✅Түүнчлэн Монголын соёлын салбар, баяр наадмын зохион байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаас гадна виртуал болон физик метаверс зэрэгцэн оршиж, харилцан үйлчилдэг газрыг бий болгох юм. Мөн хөрш орнууд болон дэлхийн бусад улс орны алдартнууд оролцдог “Global Sustainable Culture Movement & Festival”-ийг Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

✅Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, цаашдаа харилцан визгүй зорчих чиглэлд тодорхой тохиролцоонд хүрэх, мөн бүс нутгийн асуудлуудаар санал солилцлоо.

Welcome to Mongolia