Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус арга хэмжээг БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм. Мөн төв талбайд мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулж, гэрлэн чимэглэлүүд хийж, шинэ жилийн уур амьсгал оруулсан. Төв талбайн гацууруудыг 100 хувь дахин боловсруулсан материалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөрийн хүүхдүүд зассан бол гэрлэн чимэглэл, цагаан баавгай зэргийг дахин боловсруулсан материалаар чимэглэсэн аж.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “БОАЖЯ нь НЗДТГ-тай хамтарч арванхоёрдугаар сарын 1-31-нийг хүртэл өдөр бүр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан. Тус арга хэмжээ зайлшгүй нөхцөл байдлын улмаас хойшилсоор, өнөөдөр албан ёсоор нээж байна. Энэ хүрээнд орой бүр тусгай хөтөлбөрүүд бэлтгэсэн. Мөн төв талбайн гэрлэн чимэглэлүүдийг нэмж, мөсөн хотхон, мөсөн гулгуур хийлээ. Хүүхэд багачууд болон иргэд төв талбайгаа зорин ирэх нь ихэссэн байна. Та бүхнийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өдөр бүр 20:00 цагаас хүрэлцэн ирэхийг урьж байна” гэв.

Иргэд гэр бүл, найз нөхдийн хамт мөсөн хотхон, гэрлэн чимэглэлүүдийн дэргэд зургаа татуулж, шинэ жилийн уур амьсгалыг мэдрэхийн сацуу сайхан дурсамж бүтээх боломжтой байхаар зохион байгуулалтыг хийжээ. Мөн худалдааны цэгүүдэд түргэн хоол, халуун уух зүйлс, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаалахаар төлөвлөсөн байна.  “Green fest-2022” арга хэмжээний урлаг соёлын хөтөлбөр богино буюу 30 минут үргэлжлэх юм.

Нээлтийн арга хэмжээ, мөсөн хотхоныг зорин ирсэн хүүхэд багачууд, иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна.

“Лантуун Дохио” ТББ-ын өвлийн өвгөн Г.Дөлгөөн:

-“Лантуун Дохио” ТББ-аас жил бүрийн энэ үеэр “Ид шидийн уут” аяныг зохион байгуулдаг. Тус аяны хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн алслагдсан гэр хороололд амьдрах зорилтот бүлгийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгч баярлуулдаг. Гэхдээ зөвхөн бэлэг тараах нь гол зорилго бус, бэлэг тараахын зэрэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, тэдэнд тулгарч буй бэрхшээл зэргийг тандах зорилгоор судалгааны ажил өрнүүлдэг юм. Төв талбайд хаягдлаар хийсэн гацуурууд эхэндээ олон нийтээс ихээхэн шүүмжлэл авч байсан ч яг дууссан байгаа байдал нь өмнөх жилүүдээс хамаагүй өөр, гоё болсон байна.

Б.Нандин-Эрдэнэ:

-Талбайд гацуур засаж, мөсөн хотхон байгуулснаас хойш хэд хэдэн удаа ирсэн. Мөсөн баримал, гацуур, гулсуур, чимэглэлүүд их гоё санагдаж байгаа. Төв талбай өвөл дандаа ийм чимэглэлтэй байгаасай гэж хүсэж байна.

Т.Аманкелдийн гэр бүл:

-Төв талбайн чимэглэлүүд шинэ жилийн уур амьсгал оруулж, гоё болжээ. Бид гэр бүлээрээ ирсэн. Хүүхдүүд их баяртай байна. Хүүхдүүдээ дагуулаад ирээрэй гэж  уриалмаар байна. Бүгдэд нь шинэ жилийн баярын мэнд хүргэе.

С.Отгончимэг:

-Найзуудаараа ирж хөгжилдлөө. Гацуур модод, чимэглэлүүд гоё байна. Гэрлэн чимэглэл зассанаас хойш анх удаа ирлээ. Үнэхээр сайхан болжээ.

О.Ууганбаяр:

-Фейсбүүкээс төв талбайнхаа чимэглэлийг харан, “Хүрэлцэн ирээрэй” гэдгийг нь уншаад өнөөдөр гэр бүлийнхээ хамтаар зорин ирлээ. Ойрын жилүүдэд төв талбайд ийм гоё чимэглэл хийгээгүй болохоор шинэ жилийн уур амьсгал бүрдээд, сэтгэгдэл их өндөр байна. Гадаа хэдий хүйтэн байгаа ч үзэх зүйл, тоглох тоглоом, оролцох арга хэмжээ олон байгаад баяртай байна. Хоёр хүүхэд маань ч их баяртай хүлээж авлаа. Мөн залуучууд, хүүхэд багачуудыгаа төв талбайдаа хүрэлцэн ирж, арга хэмжээнд оролцоорой хэмээн уриалмаар байна гэв.

Ташрамд дурдахад, энд хувцас болон уншиж дууссан номоо хандивлах асруудыг байгуулснаас гадна үзэх зүйл олон байв. Гэр бүл, найз нөхдөөрөө төв талбайг зорин ирж, өвлийн дулаахан дурсамжуудыг бүтээгээрэй.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР