Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Цолмон трэвел компанитай хамтран “Сая жуулчин – Сая мод” аяныг санаачлан жуулчдын гол маршрутын дагуу гурван газарт “Жуулчин төгөл” байгуулах ажлыг 5 дугаар сард эхлүүлсэн билээ.
Бүх нийтээрээ мод тарих намрын ажлын хүрээнд “Жуулчин төгөл”-ийн хоёр дахь ээлжийн суулгацыг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр суулгах тул идэвхтэй оролцохыг аялал жуулчлалын нийт салбарынхандаа уриалж байна.
Эхний төгөл болох “ЖУУЛЧИН ТӨГӨЛ – Тэрэлж”-ийг “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-нд байгуулж, аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран 14 төрлийн 380 гаруй мод, бутыг амжилттай тарьж суулгаад байна.
“САЯ ЖУУЛЧИН – САЯ МОД” аяны хүрээнд ТЭРЭЛЖ, ГОВЬ, БҮРД гэсэн гурван төгөл байгуулах юм.
Аяны гол зорилго нь Монгол Улсад ирэх жуулчин бүр 1 мод тарих бөгөөд улмаар Монгол улс 1 сая жуулчин хүлээж авах үед бид 1 сая мод тарьж ургуулсан байх явдал юм.
Манай орны нийт газар нутгийн дөнгөж 7,9%-ийг ой мод эзэлдэг. Үүнийг 9%-д хүргэх, хүлэмжийн хийн ялгарал, цөлжилтийг бууруулах, ирээдүй хойч үедээ ногоон төгөл үлдээхийг зорьж буй юм.