Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газартай хамтран дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг өнөөдөр эхлүүллээ. “Google street view”-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулснаар интернэт хэрэглэгчдэд Улаанбаатар хотын тухай үнэн зөв, бодитой, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх юм.

Монгол Улс дэлхийн тэргүүлэгч хайлтын систем болох “Google Street View”-д нэгдсэн 61 дэх улс бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 50,000 гаруй км зам, гудамжийг “Google Map” платформд нэгтгэж, 9,000 гаруй аж ахуйн нэгж “Google Business View”-д бүртгэгдсэн байна.

Төслийн хүрээнд 20,000 километр замыг туулж, нийслэлийн 9 дүүргийн гудамж, зам талбай, барилга байгууламжийн зураглалыг шинэчлэх бөгөөд Улаанбаатар хотод заавал үзэх газар, заавал үзэх үзвэр, заавал амтлах хоол, заавал зочлох үйлчилгээний газруудын дотор зураглал хийгдэнэ.

Түүнчлэн явган алхалтын маршрут, хотын түүх, урлаг соёл, архелогийн олдвор, байгалийн цогцолборт газруудын 360° зураг, AR буюу баяжуулсан бодит байдал, виртуал дүрслэл, нийтлэлийг “Google” платформд байршуулж гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотоор аялах сэдлийг төрүүлэх, аяллын урсгалыг нэмэгдүүлэх юм.

4,3 тэрбум хэрэглэгчтэй, дэлхийн интернэт хэрэглэгчдийн 92,5% нь ашигладаг, өдөрт 5.4 тэрбум, секундэд 70,000 хайлт хийгддэг “Google” платформд Улаанбаатар хот нэгдсэнээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээлэл, үндэсний соёл урлаг, аялал жуулчлал, бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхий дахинд сурталчлан таниулахад өндөр ач холбогдолтой юм.