С.БАТ-ЭРДЭНЭ: ЭНЭ ЖИЛ АЗИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС ЖУУЛЧИН ТҮЛХҮҮ ТАТАХ БОДЛОГО БАРЬЖ АЖИЛЛАНА

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, цар тахлын улбар шараас шар түвшинд шилжлээ. Монгол Улс гадаадын жуулчдад нээлттэй гэдгээ зарласан. Яг нэг сарын хугацаа өнгөрөх гэж байна. Жуулчид ирж эхэлсэн үү?

-Эхний жуулчид ирсэн. Жуулчид орон нутаг руу аялаад эхэлсэн. Гэхдээ нарийн тоо одоогоор гараагүй байна. Монгол Улс хилээ нээж, жуулчид хүлээж авахад бэлэн гэдгээ зарлана гэдэг гадаад ертөнцөд эерэг мэдээлэл. Олон улсад ч аялал жуулчлалын салбарынхан хөдөлгөөнд орчихсон. Манай аяллын компаниуд 2019 оны захиалгаа сэргээж байгаа мэдээлэл ирсэн. Жуулчны баазууд захиалгаа аваад эхэлсэн. Энэ бол аялал жуулчлалын салбарын хувьд хонгилын үзүүр дэх гэрэл юм. 

-Ковидын дараах шинэ хэвийн нөхцөл байдалд аялал жуулчлалын салбар ямар бодлого баримтлах вэ?

-Энэ жил ямар ч байсан бид Азийн зах зээлээ “барьж авна”. ЭСЯ-даараа дамжуулаад Монгол Улсын гадаад сурталчилгааг хийж, жуулчдыг татна. Ковидын дараа хамгийн түрүүнд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд хийж хэрэгжүүлэх ажил бол гадаад хамтын ажиллагаа байгаа. Олон улсад Монгол Улсыг таниулах гадаадаас жууулчид авчрах тал дээр анхаарч ажиллаж байна. Хэн олон улсын харилцаа, гадаад хамтын ажиллагаанд суурилж аялал жуулчлалын бодлогоо гаргаж байгаа нь ковидын дараах улс орнуудын ялалт болох болов уу. Тийм учраас гадаад улс орнуудад хандаж хийж байгаа ажлууд эрчимтэй явж байгаа. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Соёлын сайд нар хамтран Монголд байгаа гадаадын бүх Элчин сайдуудыг цуглуулж уулзсан. Монгол Улс нээлттэй болсон, жуулчид хүлээн авахад бэлэн гэдгийг албан ёсоор зарласан. Үүний үр дүнд Монголд байгаа ЭСЯ-даар дамжин гадаадын улс орнуудад тэр мэдээлэл хүрсэн. Мөн гадаадад байгаа Монгол Улсын Элчин сайдуудтай цахим зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнөөр ЭСЯ-даар дамжуулан Монгол Улсыг сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллахаар зорьж байгаа.  Энэ талаар гадаадад буй Монгол Улсын ЭСЯ-дтай хамтарсан зөвлөгөөн хийнэ. Мөн дөрөвдүгээр сард Монголын Эдийн засгийн форумыг зохион байгуулна. Долдугаар сард Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Монголын нэг өдөр” гэсэн нэг сарын аян зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэлээ базааж байна. Энэ аяны үр дүнд гадаадын зочид төлөөлөгчид, жуулчдын урсгал нэмэгдэнэ. Түүнчлэн үндэсний хэмжээний эвэнт, арга хэмжээнүүдийг сурталчлах ажлыг зохион байгуулна. Чадвал долдугаар сард, чадахгүй бол есдүгээр сард Аялал жуулчлалын сайд нарын чуулга уулзалтыг Монголд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг нь хангаад явж байна. Энэ арга хэмжээнүүд Монголын аялал жуулчлалын салбарыг хурдан хугацаанд сэргээхэд түлхэц болох болов уу.

-Дэлхийн аялал жуулчлалын сайд  нар Монголд чуулж байгаагүй. Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нар л уулзалт  хийж байсан санагдана.

-Дэлхийн аялал жуулчлалын сайд нарын чуулга уулзалтыг Монголд зохион байгуулж байгаагүй. Ийм уулзалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Улс орнуудад тодорхой арга хэмжээтэй, өөр өөр шийдэлтэйгээр зохион байгуулж байсан. Монголд энэ арга хэмжээг зохион байгуулснаар БОАЖЯ дэлхийн олон улс орны аялал жуулчлалын сайд нартай хамтын ажиллагааг эхлүүлнэ. Аялал жуулчлалын сайд нартай санамж бичиг байгуулаад, цаашид жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ингээд явбалл манай салбар хурдан сэргэх нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.

-Жуулчдыг Монголд ирээрэй гэж уриалах амархан. Тэдний аюулгүй байдлыг хангаж, сэтгэл ханамжийн баталгаа өгч чадах уу?

-Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргаж байгаа аюулгүй аяллын шошгыг дотоодын байгууллагууддаа олгож байна. Энэ үйл явц идэвхжиж байгаа. 2019 онд захиалгаа өгчихсөн байсан жуулчдын группуудээ энэ зун хүлээн авахаар захиалгыг нь баталгаажуулж эхэлсэн. Орос, Украины дайнтай холбоотойгооор Европоор дамжиж галт тэргээр ирдэг жуулчдын  хувьд асуудал үүсэх магадлалтай. Гэхдээ Азиас ирэх жуулчдын зах зээлийг бид том боломж гэж харж баына. Солонгос, Японы жуулчдын зах зээлийг маш хурдацтайгаар Монгол руу татах бодлого дээр компаниудтайгаа хамтарч ажиллаж байна. Тухайн зах зээлийн, зорилтот улс орнуудынхаа аялал жуулчлалын компаниудтай, тэнд ажилладаг монгол компаниудтайгаа хамтраад энэ салбарыг хурдан хугацаанд сэргээх ямар боломж, аргууд байна, тэр бүхнийг  ашиглая гэсэн байр суурььтай байна.

-Цар тахлаас өмнө манай улсад Азиас хэчнээн жуулчин ирдэг байсан бэ?

-Монголд ирдэг жуулчдын ихэнх Азийн улс орны иргэд байдаг. Ойролцоогоор 300 мянган жуулчин ирдэг байсан. Тиймээс бид Азийн зах зээл дээрээ нэлээд ач холбогдол өгч байгаа юм. 300 мянгыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Аль болох хурдан хугацаанд нэмэгдүүлнэ. Тухайлбал. БОАЖЯ БНСУ-ын ЭСЯ-тай солонгос жуулчдыг 7-14 хоногийн хугацаагаар визгүй зорчдог болгох асуудлыг ярьж байна. Ингэсэн тохиолдолд 200 мянган солонгос жуулчныг 400-500 мянга болгох боломжтой. Ирэх зургадугаар сараас энэ асуудал бүтвэл жуулчдын урсгал хоёр дахин нэмэгдэнэ. Тэгвэл МИАТ, CAL, Asiana airlines, Air busan гээд авиа компаниудтайгаа хамтарч ажиллан, Солонгосын бүх нислэгүүдэд боломжтой цагаа тавиад явна.

-Ази жуулчид, тэр дотроос солонгосуудад хандсан сурталчилгаандаа ямар мессэжийг онцлох  вэ?

-Бид тухайн улс орнуудын хүнийг нь судалж байна. Жишээлбэл, солонгос хүн юу хүсдэг юм, хятадууд юу сонирхдог юм гэх мэтээр 21 зорилтот улс дээр график гаргаад ажиллаж байна. Өнгөрсөн 30 жил бидний аялал жуулчлалын салбараа гадаадад сурталчилж байсан бодлого ерөөсөө л хөдөө орон нутгаа сурталчлаад байсан. Жуулчдын очих газар, уул, ус, гол мөрөн, нуур гэх мэт байгальд суурилсан сурталчилгаа л байсан. Бие даасан бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилж байгаагүй. Тиймээс солонгос хүмүүсийн сонирхол, хятад, герман хүмүүсийн сонирхол юу байна вэ. Тухайн улс орны хувь хүмүүсийн сонирхол дээр суурилсан маркетинг сурталчилгааг 2023 оноос хийнэ. Аялал жуулчлалын компаниудтайгаа хамтраад тухайн улс орны зах зээл дээр сурталчлах ямар ямар зүйл бий болгож болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Хүнээ судлахгүйгээр энэ салбарыг хөгжүүлэх боломжгүй. Хүн юу хүсэж байна, тэр бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг бий болгож чадахгүй бол тухайн улсаас жуулчид ирэхгүй. Солонгос жуулчид группээрээ их ирнэ. Орой үдэш уулзана, ярилцана, гэрийн гадаа суугаад сөжүгээ уунгаа од эрхэм харахыг хүсдэг. Тэр орчныг нь бүрдүүлэхгүй бол Монголд ирэхгүй. Мөн солонгосуудад зориулж морин аялал зохион байгуулах боломжтой. Сүүлийн үед Солонгост морь унах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсэн. Морин тойруулгыг бий болгох бизнесийн зарчмыг нь төр, засгаас нь дэмжих болсон. Морь унадаг өндөр зэрэглэлийн жуулчид олон. Тэд Монголд ирж морь унах боломжийг бүрдүүлэх, мөн од, эрхэс харуулах аяллыг брэнд болгох ёстой. Солонгос жуулчдыг ирэхэд тэдний иддэг хоол ундыг бэлтгэсэн байх нь чухал. Солонгосууд халуун ногоотой хоол идэхгүй удаан тэсэхгүй. Тиймээс  тэдэнд тохирсон үйлчилгээ байх хэрэгтэй. Бүх жуулчны баазууд дээрээ иэх дөрөвдүгээр сард солонгос хоол хийх сургалт зохион байгуулна. Солонгос жуулчдад өөрсдийнх нь иддэг, үндэсний хоолыг нь хийж өгөхгүй бол тэд монгол болон европ хоолонд идээшихгүй. Тиймээс солонгос эзэдтэй солонгос хоолны газрууд руугаа очдог.

Хятадууд, европууд ч ялгаагүй. Тухайн улс оронд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах ёстой. Хүнийг нь судалж байж дараагийн ажлаа хийх ёстой гэдэг дээр төвлөрч, ажлаа зохион байгуулж байна. Ирэх намар улс орнуудыг судалдаг судлаачдын уулзалт хэлэцүүлэг хийнэ. Солонгос хүмүүсийн зан арашншин, хандлага, төлөв байдал зэргийг судалсан эрдэмтэд үгээ хэлнэ. Үүн дээр суурилсан бүтээглэхүүн, үйлчилгээг үзүүлээд байвал жуулчдын сэтгэгдэл өндөр байх болно.

-Авиа компаниуд тийзний үнэдээ хөнгөлөлт үзүүлэх болов уу. Тийзний үнэ өндөр байгаа нь жуулчид Монголыг сонгохоос татгалздаг нэг шалтгаан болдог гэсэн судалгаа байдаг юм билээ?

-Мэдэхгүй хүмүүс л тийм юм ярьдаг. Олон улсын авиа команиудын стратеги, бодлого бол тийзээ аль болох эрт захиалах тусам тийз хямдардаг. Тийзний үнэ нь A, B, C гээд ангилалтай байдаг. МИАТ энэ жишгээр л ажиллаж байгаа. Эрт захиалах тусам хямд, хугацаа  ойртох тусам үнэтэй болдог нь үнэн. 2021 оноос Зам, тээврийн хөгжлийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар хамтарсан зөвлөл байгуулаад ажиллаж байгаа. Энэ зөвлөлөөс жуулчдын үнэ гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Жуулчдын компаниуд хоёроос гурван сарын өмнө захиалга өгвөл боломжит үнийг МИАТ санал болгож байгаа. Зарим компани маш хямдхан жуулчний визээр онгоцны тийз худалдаж аваад тэрийгээ ид сезоны үед дамлаж зардаг тал бий.

-Зочлох үйлчилгээний салбарууд жуулчид хүлээн авахад хэр бэлтгэлтэй байна вэ?

-Бэлтгэл ажлаа хангаж байна. Хоёр жил жуулчин ирэлгүй хүлээгдсэн учир зочлох үйлчилгээний салбартаа сургалт явуулна, аюулгүй үйлчилгээний зааварчилгаа өгнө. Аюулгүй аяллын шошгыг 30-аад байгууллага авсан. Энэ сард болон иэх дөрөвдүгээр сард аюулгүй аяллын бэлэн байдлыг хангаж ажиллах тал дээр чиглэл чиглэлээр сургалт явуулна.

-Энэ жил олон улсад аялал жуулчлалын үзэсгэлэн, форум хэр олон зохиогдох бол. Та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-Сая Болгарт болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд бид цахимаар оролцлоо. Монгол Улсын сурталчилгааг анх удаа VR төхөөрөмжөөр танилцуулсан. Олон улсын жуулчны компаниудад таатай сэтгэгдэл төрүүлсэн. Үүний үр дүнд одоогоор 20 гаруй компани манай байгууллагад хандаж Монголын аялал жуулчлалын компаниудтай холбож өгөөч гэсэн мэйл ирүүлээд байна. Бидний гадаад ертөнцөд хийж байгаа ажлын үр дүн гарч байгаа гэсэн үг.

Хоёр, гуравдугаар сард төлөвлөсөн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүд бүгд цуцлагдсан. Зургадугаар сард Солонгост, ес, аравдугаар сард Япон, Англид болон  олон улсын үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж байна.

-Энэ жилийн аялал жуулчлалын эвентүүд нээлттэй зарлагдах уу?           

-Энэ онд бүх эвэнтүүд шууд нээлттэй зохион байгуулагдана. Сая “Хөх сувд” мөсний баяр, Өмнөговьд тэмээний баяр зохион байгуулагдлаа. БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн  төв Олон улсын эвэнтийн холбоонд элссэн. Тиймээс Монголд зохион байгуулдаг эвэнтүүдээ нэг нэгээр танилцуулж байгаа. Одоогоор мөсний баяр, тэмээний баяр, бүргэдийн наадам зэрэг таван эвэнтийг танилцуулаад байна. Цаашид эвэнтээр жуулчдыг татах талаар нэлээд ажил  хийнэ. Өвлийн улиралд “Sale Mongolia” гэдэг эвэнтийг наадмын дараа зарлана. Ирэх арванхочрдугаар сараас эхлээд Монголд ирж байгаа жуулчдад бүх үйлчилгээг хямдралтай санал болгоно. Ингэснээр дөрвөн улирлын турш жуулчид хүлээн авч байхыг зорьж байна. Цаашид “Нэг монгол хүн, нэг жуулчин” гэсэн уриалга дэвшүүлнэ. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань ойр дотнын хүмүүс, найз нөхдөөсөө нэг нэг жуулчин эх орондоо урихад л жуулчдын урсгал эрс нэмэгдэнэ.