Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд түүнийг ажлаас нь чөлөөлж, өөр хүн томилсон байдаг. Харин тэрбээр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хэмээн 20 гаруй сар шүүхдсэний эцэст ялж, ажилдаа буцаж ороод удаагүй байгаа юм.
-АЖЛААС ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛАГДААД 20 ОРЧИМ САР ШҮҮХЭЭР ЯВААД ЯЛЛАА-
-Та шүүхдээд саяхан ажилдаа буцаад орсон. Яг ямар асуудлаас болоод таныг ажлаас тань чөлөөлчихсөн байсан юм бэ?
-Төрийн албаны хуулиар үндэслэлгүйгээр хууль зөрчиж халагдсан бол төрийн албан хаагч шүүхэд гомдол гаргаад ажилдаа буцаж томилогдох боломжтой байдаг. Түүний дагуу эргээд ажилдаа томилогдсон.
-Хэдий хугацаанд та хууль шүүхийн байгууллагаар явав?
-Ажлаас чөлөөлсөн цагаас буюу 20 сарын хугацаанд шүүхээр явж, ялсан. Ингээд ажилдаа ороод удаагүй байна.
–Энэ хугацаанд Нийслэлийн аялал жуулчлалын газар хоёр ч даргын нүүр үзэх шиг болсон. Хэр ажиллаж байсан бол. Ажлаа ямархуу байдалтай байхад нь хүлээж авав?
-Аялал жуулчлалын салбар үндсэндээ зогсонг байдалд орсон. Цар тахалтай холбоотой гадны жуулчдын тоо 2021 оны байдлаар арав дахин багассан тоон үзүүлэлттэй байна. Энэ нь салбарын нөхцөл байдал ямар байдалтай байсныг харуулсан гэж хэлж болно.
-ДАХИН ЖУУЛЧНЫ ГУДАМЖ БАЙГУУЛНА-
-Одоо та ажлаа авчихлаа. Засгийн газраас бүх зүйлээ нээх чиглэл өгчихлөө. Жуулчдад хилээ нээлттэй болголоо. Нийслэлийн аялал жуулчлалын газраас ямар төлөвлөгөөтэй ажиллаж, үүссэн нөхцөл байдлыг сэргээх гэж байна вэ?
-Засгийн газраас Шинэ сэргэлийн бодлого зарласан. Энэ бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх, хувийн хэвшлийнхэн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодтойгоо хамтраад Монгол Улсыг жуулчдын зорин ирэх газруудын нэг болох зорилготой байна. Өмнө 2019 онд хүрсэн байсан амжилтдаа хүрэхийн тулд, томоохон зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд олон ажил төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн зүгээс гадаад сурталчилгаа, аялал жуучлалын урсгал, сошиал маркетинг ашиглан жуулчдын сонирхлын татах бүх чиглэлийн ажил хийж байна. Үүнд манай БОАЖЯ , нийслэлийн удирдлагууд, салбарын ТББ-ууд нэгдэж, энэ ажлуудаа ярилцаад, төлөвлөөд эхэлсэн.
Бид аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тогтмол хийдэг болон шинээр санаачлан гаргадаг олон ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өмнөх хоёр жил гаруй хугацаанд нийтээр хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглосон байсан. Одоо бол нийтэд зориулсан арга хэмжээгээ зохион байгуулах боломжтой болсон. Үүгээр дамжуулж жуулчдыг татах, Улаанбаатар хотын аялал жуучлалыг сурталчлах, дотоодын жуулчдадаа шаардлагатай мэдээлэл хүргэх зэрэг олон талын ажил хийнэ. Мөн гадаад сурталчилгааны ажлууд хийнэ. Шинээр хотын эргэн тойронд байдаг түүхийн нэн ховор, дурсгалт газруудыг аялал жуулчлалын үзмэр болгож, эргэлтэд оруулах, гадаадын төдийгүй дотоодын жуулчид үздэг цогцолбор газруудыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөсөн байна.
-Шинээр хийж байгаа төслүүдийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Олон ажлуудаас онцолвол түүхэн дурсгалт зүйлүүд буюу Их тэнгэрийн аманд байдаг хадны сүг зургууд, Бэлхийн аманд байдаг Хүннүгийн язгууртны булш, Ар гүнтэд байдаг 3000 жилийн түүхтэй дөрвөлжин булш, Био комбинатад байршилтай Хэрэйдын Тоорил ханы ордны туурь гэх мэт нэн ховор соёлын өвд тооцогдох олдворуудыг үзмэр, музей болгож тохижуулах ажлыг нэрлэж болно. Түүнчлэн Улаанбаатарыг зорин ирж буй жуулчид болон нийслэлчүүдийнхээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх жуулчны гудамж байгуулахаар ажлын хэсэг гараад, судалгааны ажил хийж байна.
-Жуулчны гудамжаа хаана байгуулах билээ?
-Одоогоор судалгааны түвшинд ажиллаж байна. Өмнө нь хүүхдийн зуугийн орчимд “Гэрэлт гудамж” төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Олон шалтгаан, нөхцөл байдлаас болж энэ гудамж хаагдсан. Одоо бол тухайн орчинд амьдарч буй иргэдийн тав тухтай байдлыг алдагдуулахгүй, ямарваа байдлаар замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлөхгүйгээр яаж шийдэх вэ гэж олон талт судалгаа хийж байна. Удахгүй тодорхой болох байх аа. Түүхэн дурсгалт музейн орчимд байгуулахаар судалж байсан. Гэхдээ музейн орчимд зохимжгүй гэж үзэж, ажлын хэсэг дахиад 2-3 өөр газар судалж байна.
-Таны нэрлэсэн 4-5 түүхэн дурсгалт газруудад өмнөх хотын дарга нар газар олголт хийсэн байсан. Тэдгээр эзэмшигчид нь чөлөөлж өгөхгүй байгаа гэх мэдээлэл авсан. Энэ үнэн үү?
-2000-3000 жилийн түүхтэй, түүхэн дурсгалт газрууд, олдворууд, язгууртны булш зэрэг газрууд улсын хамгаалалтад байдаг. Тухайн обьект байгаа газруудад газар олголт хийгээгүй. Харин тохижилтын ажил хийж, газрыг сунгахын тулд газрын хэмжээг томруулах шаардлага үүссэн. Харин томруулах шаардлагатай зарим газарт газар олголт хийгдсэн байна. Нийслэлийн газрын албатай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.
-ҮЗЭЖ ХАРУУЛАХ, СОНИН СОДОН, ДЭЛХИЙД ГАЙХУУЛАХ ЗҮЙЛС БИДЭНД ХЭРЭГТЭЙ-
-Нийслэлд ирж буй жуулчдад үзэх харах зүйлс хомс байдаг. Гандангийн дэнж, Зайсан толгойгоос өөр. Тэгвэл саяхан Богд Зонхово гээд төсөл хэрэгжих гэж байсныг олон нийт эсрэгүүцсэнээр төсвийг нь царцааж, тэтгэвэр тэтгэмжийн нэмэлтэд зарцуулсан. Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын хувьд энэ бүтээн байгуулалтыг дэмжиж байсан уу?
-Төсөл нь нийгэм, эдийн засагт ямар үр өгөөжтэй байх вэ гэдэг мэдээлэл маш бага байна. Хэвлэлээр гарсан мэдээлэл төдий байна. Гадаад жуулчид тухайн орны соёлын өв, үзвэр үйлчилгээний газрууд, байгалийн өвөрмөц сонин тогтоц, соёл урлагийг маш ихээр сонирхож, үзэхийн тулд ирдэг. Хотын аялал жуулчлал яг үүнд тулгуурлаж байдаг. Тэгэхээр бидэнд үзэж харуулах, сонин содон, дэлхийд гайхуулах зүйлс хэрэгтэй. Хийж, бүтээж байгуулахын хувьд улсын төсвөөс гаргах уу, хувийн хэвшлийнхэн хийж бүтээх үү гэдэг нь өөр асуудал байх. Одоохондоо засаг сайнгүй. Цар тахлын хүнд үед төсвийн хөрөнгийг зөв зүйлд, хайр гамтай зарцуулах нь зүйтэй гэж боддог.
-2019 онд танай газар хамгийн их ашигтай ажиллаж, хамгийн олон жуулчин авч байсан. Улсын төсөвт хэдэн тэрбум төгрөг төвлөрүүлсэн бэ?
-Манай газар гэж бас хэлж болохгүй. Монголын аялал жуулчлалын салбар Монголынхоо эдийн засагт нөлөөтэй томоохон салбаруудын нэг. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчланы салбар гуравт ордог. 2019 онд түүүхэндээ анх удаа хамгийн их буюу 578 мянган жуулчин ирсэн. Тэр үед бид нэг сая жуулчин авна гэсэн томоохон зорилго тавиад явж байсан. Тэр зорилго маань цар тахлын улмаас биелж чадаагүй. 570 мянган жуулчин Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа орлого нь 600 орчим сая ам.доллар байдаг.
-2022 онд хэдэн жуулчин авахаар төлөвлөж байгаа вэ. Тооцоолол гарсан уу?
-Богино хугацааны гол зорилго бол 2019 онд авч байсан жуулчныхаа тоонд хүрэхээр хичээж ажиллана. Хэдийгээр Монгол Улс хилээ нээсэн ч гэсэн Монголыг зорих жуулчдын урсгал тодорхойгүй байна. Ихэнх улс орон нислэгүүдээ тогтмол болгоогүй байна. Үүнтэй холбоотой тийм тооны жуулчин авна гэж хэлэх боломж бүрдээгүй байна. Хэлэхэд үнэхээр хэцүү. Бид өөрсдийнхөө бодлогыг нэлээд зөөлрүүлж, мэдээллээ сайн хүргэж, боломжуудыг нь нээж байж жуулчдаа авахын төлөө ажиллана. 2021 онд Монголд 50 мянган жуулчин ирсэн гэсэн тоон статистик тоо байна. Энэ тоог хэд дахин нэмэхийн төлөө ажиллана. Үүний цаана 80 гаруй мянган ажилчидтай, том салбарын, аж ахуй нэгжүүдийн хүлээлт үүссэн байна. Хилээ нээснээ албан ёсоор зарласан учраас жуулчдын тоо сар сараар нэмэгдэх байх гэсэн итгэл найдвартай байна.
–Цар тахалтай холбоотойгоор жуулчдын сэтгэлзүй аялаад явахад бэлтгэгдээгүй байж болох уу?
-Нэг талаасаа аялах эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, хүлээлт маш их байгаа болов уу. Бид ч гэсэн хоёр жил гаруй хил хаалттай, аялж чадахгүй байсан. Тиймээс Монголчууд гадаадад аялахын хүсэж байгаа. Түүнтэй адилхан Монголыг зорихоор, аялахаар төлөвлөгөө гаргасан, ойрын хугацаанд төлөвлөгөөнд оруулсан хүмүүст аялах сонирхол нь байгаа болов уу. Гол нь бид илүү сайн, найрсаг үйлчилгээ санал болгох ёстой. Тээвэр, стандарт, үнийн бодлого ч үүнтэй уялдаж байж бид жуулчдаа татах шаардлагатай. Нэг удаа Монголд ирээд буцах биш найрсаг байдал, сайхан сэтгэгдэл төрүүлснээр тэр жуулчин дахин монголд ирэх сэтгэгдэлтэй үлдэнэ.
–МАНАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ДУТАГДАЛТАЙ ЗҮЙЛС БАЙНА-
–Жуулчдад сэтгэгдэл үлдээх тал дээр дутагдалтай зүйлс их байна уу?
-Манай салбарынхан сэтгэл ханамжийн болон эдийн засгийн судалгааг хоёр жилд нэг удаа тогтмол авдаг. Энэ судалгаанд үндэслээд эдийн засгийн үр өгөөжийн тооцоо гардаг. Огт дутагдалгүй, эсвэл бүх зүйл эерэг гэж хэлж болохгүй. Дутагдалтай зүйлс гардаг. Засаж залруулахын төлөө ажилладаг. Жишээ нь халаасны хулгай, аюулгүй байдлын асуудал. Эсвэл үйлчилгээний байгуулагын харилцаа, хандлага, зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээ, хамт амарч байгаа, эргэн тойрны хүмүүсийн харилцаа хандлага муугаас болж сөрөг сэтгэгдэлтэй болдог тал байна. Энэ асуудлуудаа засаж залруулах нь хамгийн чухал.
–Жуулчдаа татахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Яаж жуулчдаа татах вэ?
-Бидэнд маш их ажиллах, сэтгэх, эвлэлдэн нэгдэж, хамтдаа зүтгэх цаг хугацаа тулгараад байна. Маш олон салбар уналтад орсны дотор хамгийн хүнд хохирол амссан салбар бол манай салбар. Үндсэндээ дотоодын аялал жуулчлалыг эс тооцвол хил хаалттай байсан үед аялал жуулчлалын салбар бараг 90 хувь зогссон. Орлого, татвар бүрдүүлэлт, ажлын байр, амьдрал ахуй маш хүнд байдал орсон. Манай БОАЖЯ-наас томоохон бодлого гаргаж ажиллаж байна. Түүний дагуу эхний ээлжинд гадаад сурталчилгааны ажлаа эхлүүлэх ёстой. Яамдууд хамтарч бодлогуудаа гаргаад, нээлттэй зарлаад явах байх. Салбарын хэмжээнд олон уулзалт, форумууд хийлээ. Мэргэжлийн хэд хэдэн зөвлөлүүд, багууд үүсээд ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд танай салбарт дампуурал хэр явагдсан бол?
-Мэдээж олон газар үүд хаалгаа барьж, хүний нөөцөө алдсан. Хэдхэн томоохон зочид буудал, аялал жуулчлалын компани, амралтын газрууд хүмүүсээ цөөлж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн гэж ойлгож байна. Жижиг хэмжээнд бойжиж, үүсээд удаагүй байсан аж ахуй нэгжүүд олноороо үүдээ барьсан харамсалтай тоон мэдээнүүд эхнээсээ гарч байна.
эх сурвалж: https://eguur.mn/298439/