Нийслэл Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг нар Унгар улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хадагтай Др.Обрущанский Борбала Аннатай уулзаж, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа болон хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Унгар улсын элчин сайдын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатарт хотноо “Унгарын өдрүүд” соёлын арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
Монгол – Унгар улсууд Дипломат харилцаа тогтоогоод 70 жил болж байгаа бөгөөд ХАА, Усны салбар, Боловсрол, Шинжлэх ухаан гээд олон салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсээр ирсэн юм. Тухайлбал, унгарын инженерүүд Монгол улсад 400 гаруй худаг гаргаж, Биокомбинат болон хувцас, гурилын гээд олон үйлдвэрийг барьж байгуулж өгсөн түүхтэй. Мөн боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа маш нягт хөгжиж байгаа бөгөөд жил бүр 200 монгол оюутныг Унгарын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгээр сургаж байгаа ажээ.