Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах  санамж бичгийг байгуулав. 

Энэ үеэр Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Д.Батсүх Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар 2020 он гэхэд нэг сая гадаадын жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Монгол Улсад ирэх жуулчдын дайран өнгөрөх болон зорьж ирэх төв цэг нь Улаанбаатар хот байх болно. Тиймээс аялал жуулчлалын салбарын арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг олон нийтэд болон гадны иргэд, жуулчдад хүргэхэд МҮОНРТ-тэй хамтран ажиллахдаа баяртай байна гэдгээ хэллээ.

Харин МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Энэ онд Халх голын ялалтын 80 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн хүрээнд олон тооны жуулчин Монголд ирнэ. Мөн МҮОНРТ “ABU Робокон – 2019” олон улсын роботын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулахаар болсон. Ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод болох тус тэмцээнд оролцохоор 20 гаруй орны баг тамирчин, үзэж сонирхохоор дээрх багуудын дэмжигчид зэрэг олон тооны жуулчин ирнэ. Тиймээс тэдгээр жуулчдад нийслэлийн болон Монгол Улсынхаа үзэсгэлэнт газар, аялал жуулчлалыг сурталчлахыг хүслээ.

Санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалыг дотоод гадаадын үзэгч, сонсогчдод мэдээлэх, эх орон даяар сурталчлан таниулахаар харилцан тохиролцов.