ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧДЫН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧДЫН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

“Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жолооч миний гүйцэтгэх үүрэг”  жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулга уулзалт 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордны их танхимд боллоо.

“Аялал жуулчлалын жолоочдын холбоо”-ноос санаачлан зохион байгуулагдсан тус чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-н сайд Н.Цэрэнбат,  ЗТХ-н сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, АТҮТ-н захирал П.Дэлгэрнаран, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцов.

67 байгууллагын 600 гаруй жолооч оролцсон анхдугаар чуулганаар жуулчин тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хийгдэх ажлууд зэрэг асуудлыг төр хувийн хэвшлийнхэн хамтран хэлэлцсэн юм.  Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Аялал жуулчлан салбарын хөгжилд энэ салбарт ажиллаж буй хүн бүрийн оролцоо чухал бөгөөд харилцаа, хандлагаа өөрчлөн  зорчигч, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, аялал жуулчлалын үйлчилгээний соёлыг баримтлан аялалын бүрэлдэхүүн, хөтөчтэй нягт хамтран ажиллах нь  жуулчин тээвэрт явж буй жолоочдын хувьд чухал гэдгийг онцоллоо.

Түүнчлэн жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулга уулзалтын үеэр энэ салбарт үр бүтээлттэй ажиллаж салбарын хөгжилд үнэтэй хувьд нэмэр оруулж буй жолоочдыг төрийн дээд одон медалиар шагналаа.  

Мөн арга хэмжээний үеэр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Зам, тээврийн хөгжлийн яамны газрын  дарга Г.Гантулга, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Авто тээврийн үндэсний төвийн тасгийн дарга Г.Дуламсүрэн нар оролцож, жуулчин тээврийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хийгдэх ажлуудын талаар танилцуулж санал солилцов.

Жуулчин тээврийн жолоочдын хувьд төрөөс зарим асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан юм. Тухайлбал: Жуулчин тээврийн наалтын хүчинтэй хугацааг сунгаж, хэмжээг өөрчлөх, мэргэшсэн жолоочийн эрхийг урт хугацаагаар өгөх, жуулчид ихээр очдог арга хэмжээнд нэвтрэх зөвшөөрөл эрхийг хүрэлцэхүйц хэмжээнд өгөх,  наадмын билет, зогсоолын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, жуулчдад өргөн цар хүрээнд хүргэх зэрэг асуудалд анхаарах хэрэгтэйг байгааг хэллээ.

Чуулга уулзалтын төгсгөлд тодорхой зөвлөмжийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Эх сурвалж: www.mne.mn