Энэ зун амралтаараа хаашаа аялахаар төлөвлөж байгаа иргэдэд зориулан өнгөрсөн амралтын өдрүүдээр “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулагдлаа.

IMG_4131

Тус арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нээн хүрэлцэн ирсэн олонд мэндчилэн аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрдсэн энэ үед энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж нийслэлчүүддээ амралт, чөлөөт цагаараа эх орондоо төдийгүй хилийн чанадад хэрхэн, яаж зүй зохистой, зөв төлөвлөлттэй аялах талаарх мэдээллийг нэг дороос өгч байгаагаараа онцлог болж байна хэмээлээ.

Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдын тоог тэргүүлдэг манай урд хөрш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны Хамтын ажиллагааны газрын орлогч дарга Му Вей болон Эрээн хотын орлогч дарга Ду Дэ Шин тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчид үзэсгэлэнгийн үеэр улс орноо, аялал жуулчлалаа сурталчлав.

“Цайны замаар аялахуй” уриан доор зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд дараах гадаад дотоодын байгууллагууд оролцлоо:

  • Ховд (түнш аймаг), Төв, Өмнөговь, Баянхонгор, Дорнод, Хэнтий аймгуудын аялал жуулчлалын газрууд
  • Горхи Тэрэлж болон Богдхан уулын ТХГ, Хустайн цогцолборт газар
  • Палеонтологи, геологийн хүрээлэн
  • Монгол Улсад суугаа БНСВУ-ын болон Унгар Улсын Элчин сайдын яамд
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд
  • Оросын шинжлэх ухаан, соёлын төв
  • БНСУ-ын “KTO Улаанбаатар” болон Тайванийн төлөөлөгчийн газар
  • ерөнхий ивээн тэтгэгч Mobicom корпораци
  • сувилал амралтын газрууд, хүүхдийн зуслан, гэр баазууд
  • музей үзмэрийн газрууд
  • тур оператор байгууллагууд
  • нислэгийн болон тийз захиалгын компаниуд
  • банк, аяллын даатгалын компаниуд
  • Playtime festival

Арга хэмжээний үеэр аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачдын илтгэлүүд хэлэлцүүлэгдснээс гадна Улаанбаатар чуулгын авьяаслаг уран бүтээлчид үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтоо толилууллаа. Мөн спорт сонирхогч залуусын дунд зохион байгуулсан “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээнд Хороолол баг тэргүүн байрыг эзэлсэн байна.