Жил бүр Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг “Улаанбаатарын өвлийн наадам” 2020 оны 2-р сарын 08-09-ний амралтын өдрүүдэд товлогдсоныг дуулгахад таатай байна. Энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, өвлийн улирлын спортын мэргэжлийн холбоод хамтран 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Дэлхий дахинд Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үе, хойчдоо өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэх зорилготой энэхүү наадмыг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо жил бүр нэмэгдэх болсон бөгөөд олон улсын хэмжээний өвлийн наадам болон өргөжиж байна.
Наадам уламжлалт мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, цана, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, снөүборд, рагбийн тэмцээнүүдийн төрлөөр Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд байрлах “Скай Резорт”-д зохион байгуулагдана.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР