Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нийслэл Улаанбаатар хот 1957 онд ОХУ-ын Москва хоттой анхны ах дүүгийн харилцааг эхлүүлж байсан бол 2019 онд Бүгд Найрамдах Казахстаны Нур-Султан хоттой гэрээ байгуулснаар өнөөдөр дэлхийн 40 гаруй хоттой ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж байна.

“Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээнд ОХУ-ын Москва, Новосибирск, Казань, Эрхүү, Улаан-Үд, Элстэй, БНХАУ-ын Чөндү, Жилин, БНСУ-ын Сөүл, Бусан, Инчон, Намянжү, Тайландын Бангкок, Япон Улсын Мияконожо, БНКУ-ын Нур-Султан зэрэг 16 хотын 60 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хуралдаж байна.

Өчигдөр буюу өдөрлөгийн нээлтийн арга хэмжээний үеэр БНХАУ-ын Чөндү, БНСУ-ын Бусан, Инчон, ОХУ-ын Улаан-Үд хотууд өөрсдийн хотуудын аялал жуулчлалын танилцуулгыг хийсэн бол өнөөдөр ирсэн зочид төлөөлөгчид Улаанбаатар хоттой танилцах аялалд хамрагдаж байна.