Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсгэлэнг аравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд “Тусгаар тогтнол”-ын ордонд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан, МЗХ-ны Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, Монголын Аялал жуулчлалын холбооны менежер Ч.Болорхүү нар мэдээлэл хийлээ.
Үзэсгэлэнд оролцсоноор Дэлхийн улс орнуудад аялал зохион байгуулдаг мэргэжлийн, эрх бүхий тур оператор, үйлчилгээний байгууллагууд ирэх учир туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, аяллын бүтээгдэхүүнүүдтэй танилцах, худалдан авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэд хамрагдах боломжтой юм.
Мөн үзэсгэлэнд Монгол аялагчдыг дэлхийн улс орнуудаар аялуулдаг мэргэжлийн тур операторууд болон аялагчдад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллага /тур оператор, даатгал, тийз захиалгын касс, банк, нислэгийн авиа компани, визний мэдүүлэх зөвлөгөө гэх мэт/-ууд нэгдсэн зохион байгуулалттай оролцох юм.
Монгол улсад аялал жуулчлалын зөвшөөрөлтэй, тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг 300 гаруй тур оператор байгаагийн 37 нь Outbound буюу Монголчуудыг гадаад улсад аялуулах ангиллын гэрчилгээтэй, албан ёсны эрх бүхий тур оператор байгууллага байгаа боловч иргэд мэдээлэл дутмаг байдлаасаа болж, мэргэжлийн бус байгууллага, хувь хүнээр үйлчлүүлэн эрсдэлд орж байна.
Тус үзэсгэлэнд мэргэжлийн байгууллагууд, аялал зохион байгуулдаг мэргэжлийн эрх бүхий тур оператор, үйлчилгээний байгууллагууд оролцох учир бизнесийн шинэ түнштэй болох, аяллын бүтээгдэхүүнүүдтэй танилцах, худалдан авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэд хамрагдах зэрэг боломжтой юм.