Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жэжү хотын Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд Олле стандартын явган аяллын чиглэл /маршрут/ тогтоон тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2019 оны 07-р сарын 17-ны өдөр Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт тохижуулсан Монгол Оллэ явган аяллын маршрутаар 2 улсын явган алхагчдын фестивалийг зохион байгууллаа. Солонгос улсаас 70 алхагч, Монголоос Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Хайрхан аялагч клуб, Мазаалай аялагч клуб, UB Хайкинг клуб, Эрүүл Монгол Хайкинг клубын төлөөлөгчид нийт 100 гаруй хүн оролцож 11 км-ийн хамтарсан алхалтыг хийсэн бөгөөд Солонгосын Arirang TV ирж нэвтрүүлэг бэлтгэсэн. Энэ үеэр Тэрэлжийн гол орчмын хогийг цэвэрлэж, орон нутгийн иргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүний худалдаа, цагаан идээний худалдаа зохион байгуулагдлаа.
Мөн 2019 оны 07-р сарын 19-ны өдөр гадаад дотоодын жуулчдад мэдээлэл өгөх зорилготойгоор Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжинд Монгол Олле Мэдээллийн төвийн Улаанбаатар хот дахь салбарын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд KOICA олон улсын байгууллагын монгол дахь төлөөлөгч, БНСУ-ын ЭСЯ-ны зөвлөх, КТО-Солонгосын аялал жуулчлалын байгууллагын Монгол дахь захирал, Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн зэрэг албаны төлөөллүүд оролцов.
Энэхүү Оллэ гэх тэмдэглэгээт маршрутын замын гол агуулга нь байгальд ээлтэй алхах үүднээс тогтсон зам зааж чиглүүлэх, зам дагуух нутгийн иргэдийн амжиргааг дэмжих үндсэн чиглэл ач холбогдолтой юм. БНСУ-д 2006 оноос хойш Жэжү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг.