Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Талын салхи-2019” олон улсын мото наадам тав дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлж 900 мото спорт сонирхогчид цуваа болон “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдлөн хоёр өдрийн турш наадмаа тэмдэглэлээ.
Цонжин болдог дахь мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдсан бол Бямба гарагийн орой хамтлаг дуучдын тоглолт, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүд боллоо.
Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аасмөн Япон, Энэтхэг, АНУ, Франц улсуудын нийт 200 мото тамирчид оролцлоо. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой ажээ.
Мото спорт сонирхогчид холбоо болон нэгдэж Тээврийн цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь тэд замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.
Тус наадмыг Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгууллаа.