“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019″ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2019″ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх тус наадмын үеэр Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох Мөсөн сурын харвааны УАШТ, Мөсний шагайн харвааны УАШТ, Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүдээс гадна үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү наадам нь Монгол Улсын хамгийн том өвлийн спортын арга хэмжээ юм.  Та бүхнийг Монгол үндэсний дээл хувцсаараа гоён амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт өнгөрүүлэхийг урьж байна гэж мэдээллээ.

Тэмцээнүүдэд дотоодын 800, гадаадын 40 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад Улсаас 10, Тува Улсаас 10, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорино.

Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилна.

Өвлийн спортоор хичээллэх нь нэгэн төрлийн эмчилгээ болдог бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм.