МӨСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ УАШТ БОЛНО

МӨСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ УАШТ БОЛНО

“… Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ.

“Монголын Нууц Товчоо”-ны 116 дугаар зүйл

Монгол үндэстний түүхэн сурвалж бичиг “Монголын Нууц Товчоо”-нд ийнхүү мөсний шагайн тухай маш тодорхой дурдсан байдаг. Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өвийн илэрхийлэл болсон мөсний шагай нь энэ олон зуун жилийг элээн бидэнд уламжлагдан иржээ.

Энэхүү өнө зууны түүхтэй мөсний шагайн харвааг сэргээн харваачдийн залгамжийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монголын Үндэсний мөсний шагайн холбоо Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд “Скай Резорт” цогцолборт зохион байгуулна.

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх тул айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна.