УЛААНЦАВ ХОТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа 2018” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний өдөр болсон “Гурван хотын эдийн засаг, хамтын ажиллагааны бизнес форум”-ын үеэр  Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон БНХАУ-ын Улаанцав хотын Аялал жуулчлалын газар хотуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулав.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдөр “Гурван улсын бараа бүтээгдэхүүний хамтарсан үзэсгэлэн худалдаа” Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд БНХАУ-ын Улаанцав хотоос 70 байгууллага, ОХУ-ын 13 байгууллага Монгол Улсаа төлөөлж 17 байгууллага, нийт 100 гаруй байгууллага бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 2- 4-ний өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болно.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол Хятадын Худалдааг дэмжих холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын засгийн ордон, Монгол Оросын Худалдааны танхим, “Мишээл Экспо” ХХК, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон,  ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын захиргаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжих хороо, ОХУ-ын Буриад Улсын ардын хурал, ОХУ-ын Буриад Улсын бүс нутгийн хөгжлийн сан, Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар тус тус ажиллаж байна.